Санчир гаргийн дагуулаас фосфор илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-06-15 16:55:22

ВАШИНГТОН. /AFP/. Эрдэмтэд амьдрал үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг элементүүдийн нэг болох фосфор Санчир гаргийн сар Энцеладын мөсөн гадаргуугийн доорх далайд агуулагдаж байгааг илрүүлжээ.


Энэхүү нээлтийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ “Cassini” аппаратын цуглуулсан мэдээлэлд тулгуурлан хийсэн бөгөөд энэ талаарх нийтлэлээ лхагва гарагт “Nature” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.


Cassini” аппарат Санчир гараг болон түүний цагариг, дагуулуудыг 2004 оноос судалж эхэлсэн бөгөөд 2017 онд тус гаргийн агаар мандалд шатах хүртлээ даалгавраа гүйцэтгэжээ.


“Энэ бол астробиологийн гайхалтай нээлт юм. Бид Санчирын дагуулын мөсөн давхаргаас цацагдсан жижиг хэлтэрхийнүүдэд их хэмжээний фосфор агуулагдаж байгааг нотлох нотолгоог илрүүлсэн” гэж “Southwest Research"  хүрээлэнгийн судлаач, судалгааг ахлан явуулсан хүмүүсийн нэг болох Кристофер Глейн мэдээлжээ.


Эрдэмтэд өмнө нь мөсний хэлтэрхийнүүдээс өөр элементүүд, органик нэгдлүүдийг илрүүлж байсан ч ДНХ, РНХ-гийн үүсэлд чухал үүрэг гүйцэтгэдэг, түүнчлэн хүн, амьтан яс, шүд, цаашлаад далайн планктонд хүртэл агуулагддаг фосфор илрүүлж байгаагүй юм. 


Энгийнээр хэлбэл, бидний мэдэх амьдрал фосфоргүйгээр үүсэх боломжгүй байсан гэсэн үг.


Геохимийн загварчлалаар фосфор байх магадлалтайг өмнө нь тогтоож байсан хэдий ч таамаглах нь нэг хэрэг, харин батлах нь өөр асуудал гэж К.Глейн ярилаа. 


“Дэлхийгээс гаднах далайгаас энэхүү чухал элемент олдсон анхны тохиолдол энэ болж байна” гэж “Freie Universitat Berlin” их сургуулийн гараг судлаач Френк Постберг хэлснийг “NASA”-гийн мэдэгдэлд эш татсан байна.


Энэхүү судалгааг хийсэн судлаачид шинэ нээлт хийхийн тулд “Cassini”-гийн сансрын тоосонцрын судалгааны багажийн цуглуулсан мэдээллийг нарийвчлан судалжээ.


Өнгөрсөн 25 жилийн хугацаанд гараг судлаачид манай нарны аймагт мөсөн гадаргуугийнхаа доор далайтай ертөнц олон байдгийг тогтоосон юм. Үүнд Бархасбадь гаргийн дагуул Европа, Санчирын хамгийн том дагуул Титан болон алслагдмал гараг болох Дэлхий ван хүртэл багтдаг.


Дэлхий шиг далайтай гаргууд амьдрахад тохиромжтой температурыг хадгалахын тулд өөрийн нарнаас хол зайд байрлах ёстой боловч гүний далайтай ертөнцийг нээсэн нь амьдрал байх боломжтой гаргуудын тоог нэмэгдүүлж байна.


“Энэхүү нээлтээр Энцеладын далай нь амьдралын үүслийн "хамгийн хатуу гэгддэг шаардлагыг" хангаж байгааг тогтоолоо. Одоо хүн төрөлхтний хийх дараагийн алхам тодорхой байна, бид уг далай үнэхээр амьдрал байх боломжтой эсэхийг олж мэдэхийн тулд Энцелад руу дахин очих хэрэгтэй” гэж К.Глейн хэлжээ.

Холбоотой мэдээ