Татварын шаталсан тогтолцоо шударга байх зарчимтай нийцсэн үү?

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-02-02 16:45:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны Дэлхийн Эдийн засгийн форум дээр 500 гаруй хүний нэгдэл бүхий Дэлхийн тэрбумтнуудын холбооноос Ультра буюу хэт өндөр орлоготой хүмүүсийн татварыг нэмэх уриалгыг гаргасан. Дэлхий нийтийн чиг хандлага хэт өндөр орлоготой хүмүүсийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэх замаар эдийн засгийг тэлэх боломжтой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа.

Тэгвэл энэхүү дэлхий нийтээр мөрдөж буй шинэчлэлийг нэвтрүүлэх нь зөв хэмээн манай эрх баригчид үзэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдийн цалингийн орлогоос шаталсан татварыг авч эхлэв.


Тодруулбал, цалингийн орлогоос авах шаталсан татварыг 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь, 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь, 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар ногдуулах өөрчлөлтийг хийсэн. Хууль тогтоогчид нийт иргэдийн 99.9 хувь нь шаталсан татварт хамаарахгүй бөгөөд цалингийн татвар төлдөг 817 мянган хувь хүнд энэ татвар нөлөөлөхгүй хэмээн мэдэгдсэн. Тэдний мэдэгдсэнээр 10 саяас дээш орлоготой 1304 хүн, тэрбум төгрөгөөс дээш орлоготой 57 хүн байгаа юм. 


Татварын Ерөнхий газраас энэ мэдээллийг гаргахдаа 2021 оны мэдээллийн баазад тулгуурласнаа мэдээлсэн бөгөөд энэ тоо 2022 оны датагаар өөрчлөгдөнө гэв. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар  1361 хүнд шаталсан татвар үйлчлэхээр болж байна. 1361 хүнээс  700 нь 15 хувь, 660 хүнд 20 хувийн татвар ногдуулж байгаа хэмээн ТЕГ-ын дарга Б.Заяабал мэдэгдсэн. Энэ нь нийт хүн амын 0.1 хувийг эзэлж буй юм. Эндээс дээрх хуулийн өөрчлөлт эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөлж жин дарах уу гэсэн асуулт гарч ирж байна. Үүнд ТЕГ-аас жилдээ 12.5 тэрбум төгрөгийг 1361 иргэнээс бүрдүүлнэ хэмээн мэдэгдэв.

Үнэндээ шаталсан татварын тогтолцоог том агуулгаар нь авч үзэж томоохон өөрчлөлтийг хийх нь чухал гэдгийг Олон улсын байгууллагууд манай улсад зөвлөдөг. Тухайлбал ОУВС-гаас өгсөн зөвлөмжид,  “Монгол Улсын Засгийн газар татвартай холбоотой ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Монголын нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа бий. Хүн амын дунд баян, ядуугийн харьцаа газар тэнгэр шиг зөрүүтэй байхад яг ижил татвар авна гэдэг нь шударга бус. Тиймээс орлогын хэмжээтэй нь уялдуулан өсөн нэмэгдэх татварын дэглэм тогтоох замаар дотоодын нөөцийг бүрэн дүүрэн дайчлах нь чухал" хэмээн онцолж байв. ОУВС-гаас өгсөн зөвлөмжөөс үзвэл татварын шатлалыг хийхдээ суурь зарчмаар нь авч үзэн нийгмийн тэгш бус харьцааг ялган үзэж, судалгаанд суурилсан оновчтой шатлалыг нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг дүгнэлт гарч байна.

Тэгвэл татварын шаталсан тогтолцоо татварын тэгш, шударга байх зарчимтай нийцсэн үү гэсэн асуулт эндээс урган гарч байна.

Энэ тухай санхүүч Г.Батжаргал, “Татварын шатлал эхлэх босго цалин болох 10 сая төгрөг нь өнөөдрийн ханшаар 2919 ам.доллартай тэнцэж байна. Дэлхийн дундаж цалин болох 5100 ам.доллартай жишиж үзвэл шинээр мөрдөж буй хууль нь нийгмийн дундаж давхаргыг нэмэхгүй гэсэн санааг илэрхийлж байна. Харин үүний оронд татвараас зайлсхийдэг иргэдээс 10 хувиа авдаг систем, хяналтын тогтолцоог сайжруулах нь чухал байсан. Иргэдийг дэлхийн дундаж цалинд ойртуулж, 10 сая төгрөгөөс дээш болгох макро эдийн засгийн шинэчлэлийг хийсний дараа татварын шатлалын систем рүү шилжих ёстой” хэмээн мэдэгдсэн. Санхүүч Г.Батжаргалын хэлсэнчлэн Монгол Улс татварын шатлалтай систем рүү шилжихдээ дундаж давхаргаа хамгаалсан бодлогыг хэрэгжүүлэх нь гарцаагүй чухал зүйл. Аливаа улс орны эдийн засгийн гол ачааг дундаж давхаргынхан үүрдэг. Дундаж давхарга хүрээгээ тэлэх тусам улс орны эдийн засаг урагшилна гэдгийг  хүн бүр мэднэ. Тэгэхээр тэрбумын орлоготой иргэд болон түүнээс дээш орлоготой хүмүүсийн судалгааг нарийвчлан гаргаж шаталсан татварын хувь хэмжээг  одоо мөрдөж байгаа шатлалаас дээгүүр тооцох нь илүү шударга байх зарчимтай нийцнэ. Түүнээс биш 15-20 сая төгрөг буюу жилд 240 сая төгрөгийн орлоготой хүн тэрбумаас дээш орлоготой иргэнтэй адил 20 хувь буюу нэг ижил татвар төлөх нь шударга бус гэдгийг олон нийт хэлж байна. Гадны жишээнээс харахад тэрбумаас дээш орлоготой хүмүүст шаталсан татварын хувь хэмжээг өндрөөр тогтоодог байна. Улмаар хэт өндөр орлоготой хүмүүс буюу бизнесийнхэн нь улсдаа өндөр хэмжээний татвар төлөхөөс гадна нийгмийн сайн сайхны төлөө сангууд байгуулан эдийн засагтаа хувь нэмрээ оруулдаг эерэг хандлагыг олон улсын жишээнээс харж болно. Үнэндээ сардаа 15-20 сая төгрөг авч байгаа иргэдийн хувьд хамгийн их боловсорсон оюунаа үнэлүүлсэн капитал хэсэг. Ийм орлоготой хүмүүсийн хүрээг нэмэхийн тулд улс татвараар боомилох бус дэмжих бодлого хэрэгжүүлснээр дундаж давхаргаа зузаатгаж эдийн засгаа урагшлуулна гэсэн санааг санхүүч Г.Батжаргалын үгнээс иш татаж болохоор байна.


Тэгвэл улс орнуудын хувьд шаталсан татвар ямар хувь хэмжээтэй байгааг дэлгэрүүлэн үзье.

Дэлхийн 131  улсад татварын шатлалын тогтолцоог хэрэгжүүлдэг байна. Хөгжиж буй 18 орон нэг шатлалтай татварыг нэвтрүүлж буй юм. Дэлхийн хамгийн өндөр орлоготой орны тоонд Монако ордог. Тус улсын дундаж цалин сардаа 15507 ам.доллартай тэнцдэг бөгөөд татварын диваажин хэмээн нэрлэгддэг. Учир нь Монако улс хувь хүний албан татвар авдаггүй байна. Харин  АНУ-д нийт хүн амын жилийн дундаж орлого 70930 ам.доллар буюу сардаа 5910 ам.доллар авдаг байна. АНУ-ын тухайд шаталсан татвараар 0-39.6 хувийн татвар ногдуулдаг бөгөөд  дундаж орлоготой иргэн 14.6 хувийн татварыг улсдаа төлдөг байна. Үүнээс үзвэл манай улс 20 сая төгрөгийн орлогоос авч буй ХХОАТ-ын хэмжээ АНУ-ын дундаж цалинтай харьцуулбал 6.4 хувиар өндөр байна гэсэн үг. Ийнхүү дэлхийн хөгжилтэй орнуудаас өндөр шатлалаар татвар авах нь шударга бус байдлыг газар авахуулж, иргэдийн урмыг хугалах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.


Түүнчлэн хувиараа бизнес эрхлэгч иргэд сүүлийн 30 гаруй жил татвараа тайлагнаж төлөөгүй гэсэн мэдээллийг ТЕГ-аас өгсөн. Зөвхөн цалингийн орлоготой иргэдээс татвар авч, бизнес эрхлэгчид татвар төлөхгүй байгаа нь тэгш шударга зарчим алдагдаж буйн нэг хэлбэр. Эдгээр иргэдийг хянаж шалган, акт торгууль тавихаас илүүтэй тайланг хялбаршуулж, зөв гаргадаг болгох үйлчилгээнд анхаарч байгаагаа албаныхан дуулгасан.

Энэ тухай Эдийн засагч С.Бямбахорлоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Цалингийн орлого, хадгаламжийн хувь хэмжээ, ногдол ашгийн орлого зэргийг ялгаж байж шаталсан татвар хэрэгжих ёстой. Хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр цалин өндөр авч байгаа. Нэг ёсондоо баялаг бүтээж буй хэсгээ торгож, тэр нь эргээд халамж, эсвэл Хөгжлийн банк мэт зүйлд зарцуулагдаад байвал зохимжгүй. Зөвхөн  албан ёсоор цалин авч буй иргэдээс татвар авах биш, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн /валютын арилжаа эрхлэгчид, автомашины ченжүүд гэх мэт/ бодит орлогыг бүртгэлжүүлж татвар авах хэрэгтэй” хэмээн тодотгожээ. Мөн тэрбээр өнөөдөр Монголд 3.5 сая төгрөг 1000 ам.доллартай тэнцэж байна. 10 мянган ам.доллараас дээш цалинтай хүмүүсээс эхний татвар авах жишгийг олон улсад баримталдаг. Гэтэл бид 2900 ам.доллараас шаталсан татвар авахаар болов. БНСУ, Япон зэрэг улсад 1000 ам.долларын цалинтай хүн татвар төлдөггүй байх жишээтэй хэмээн шүүмжлэлтэй хандсан байв. Бусад улс орнууд бага орлоготой иргэдээсээ  татвар авахгүй зохицуулалт хийдэг бол манай улсад 120-240 мянган төгрөгийн орлогыг ХХОАТ-аас чөлөөлж хөнгөлөлт үзүүлдэг байна. Энэхүү хөнгөлөлтийг багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх нь бодит хөнгөлөлт болно гэх хүн ч байна.

Эдийн засагчид ч ийнхүү байр сууриа илэрхийлж байгаа юм.

Ур чадвар, оюун ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлэн  хөдөлмөрийнхөө үнэлэмжийг нэмэгдүүлэх хүсэл эрмэлзлийг татвараар хавчих бус бодлогоор дэмжих хэрэгтэй гэсэн байр суурийг дээрх мэдээллээс дүгнэж болно. 

Түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2016 оноос эхлэн мөрдөж буй Хууль тогтоомжийн тухай хуулиа хэр баримталсан бэ гэдгийг иргэд асуух эрхтэй. Угтаа бол Засгийн газар УИХ-д шинэ хууль болон хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, олон шаардлагыг хангаж, судалгаа тооцоогоо  үндэслэлтэйгээр гаргах учиртай. Гэвч дээрх баримтаас үзвэл нийгмийн тэгш байдлыг хангахуйцаар хүн амын орлогыг бодитоор тодорхойлж чадсан уу гэдэгт эргэлзээ төрөхүйц байна.

Тэрбум төгрөгөөс дээш орлоготой хүмүүсийг 240 сая төгрөгийн орлоготой иргэдтэй  тэгшитгэн үзэж 20 хувийн ХХОАТ ногдуулах нь хэр зүйд нийцэх вэ?

Яг үнэндээ Скандинав гэх мэт орнуудад нийгмийн тэгш байдал харьцангуй жигд учраас ялгаа нь бага. Харин манайх шиг оронд хүн амын орлого өндөртэй хэсэгт өмчийн 90 гаруй хувь нь төвлөрч, орлого хэт өндөр тэгш бус байдал газар авсан. Гэтэл  хүн амын 30 хувь нь өмчгүй, дөнгөн данган амьжиргаагаа залгуулж байгаа. Тиймээс татварын шаталсан тогтолцоог хийхдээ шударга зарчмаар асуудалд хандаж үндэслэл, бодит тоонд суурилан шатлалыг орлогоос хамааран ОУВС-гийн зөвлөснөөр өсөн нэмэгдэх татварын дэглэмийг бий болгох нь чухал юм. 

Холбоотой мэдээ