Б.Асемгүл: Төслийн зорилтод өрхүүд 6,2 тонн ургац хураан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-19 16:23:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “ADRA-Монгол” Олон Улсын байгууллагаас Баян-Өлгий аймагт "Тогтвортой газар тариалан ба эдийн засгийн хөгжил төсөл"-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн явцын талаар төслийн  менежер Б.Асемгүлтэй ярилцлаа.  

-Сүүлийн 10-аад жилийн хугацаанд “АДРА-Монгол” Олон улсын байгууллагаас Баян-Өлгий аймагт хэд хэдэн төсөл хэрэгжүүлээд байна. Энэхүү төслүүдийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“АДРА-Монгол” Олон улсын байгууллагаас 2011-2014 онуудад өрхийн газар тариаланг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн байгаа. Уг төсөлд Улаанхус, Сагсай, Бугат сумуудаас тус бүр 50 өрх, Өлгий сумаас 450, нийтдээ 600 өрхийг хамруулсан. Ажлын явцад зарим айл өрхүүдийн хашаанд хүнсний ногоо тариалах зай талбай бага, газар тариалан эрхлэх боломж хомс зэрэг хүндрэлүүд гарч байлаа. Тийм учраас  2015-2018 онуудад хоршооны газар тариаланг хөгжүүлэх төсөл хэрэгжүүллээ. Газар тариалан эрхлэх иргэдэд  зориулж орон нутгаас нэгдсэн журмаар газар авсан. Тухайн газарт тус бүр 50 гишүүнтэй 8 хоршоо байгуулж, төмс, хүнсний ногоо тариалсан байгаа. Дээрх хоёр төслийн нийт санхүүжилт нь 1,1 сая канад доллар. Харин 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Тогтвортой газар тариалан ба эдийн засгийн хөгжил төслийг 880 өрх болон өрхийн гишүүдийг хамруулан хэрэгжүүлж эхлээд байна.

-Тогтвортой газар тариалан ба эдийн засгийн хөгжил төслийн зорилго юу вэ?

-Бид Хоршооны газар тариаланг хөгжүүлэх төслийг үргэлжлүүлэх санал тавьсан ч донор байгууллагаас зөвшөөрөөгүй. Учир нь Баян-Өлгий аймагт газар зүйн онцлог, цаг агаарын байдлаас шалтгаалан ил талбайн тариалалт хийхэд хүндрэлтэй, хотын захад байрласан тариалалт хийх талбайн дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, хоршооны гишүүд нэгдэж ажиллаж чадаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байгаа. Тийм учраас 2019 онд дахиад судалгаа хийсэн. ОХУ-ын Москва хотоос газар тариалангийн Олон улсын зөвлөх А.Чижов манай аймагт ирж, төслийн байгууллагатай хамтран ажилласан. Зөвлөх агрономич маань газар тариалан эрхлэхэд хөрс тохирохгүй байна. Хоршооны газар тариалан эрхлэхийн тулд өндөр өртөгтэй төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. Тийм учраас өрхийн газар тариаланг дэмжих нь үр дүнтэй хэмээн зөвлөсөн. Нөгөө талаар 66 өрхийн хашаанд тарьсан хүнсний ногооны хэмжээ 8 хоршооны тарьсан хүнсний ногооны хэмжээтэй ижил байгаа нь судалгааны явцад тогтоогдсон. Тийм учраас Өлгий, Бугат, Сагсай сумуудад аж төрж буй нийгмийн эмзэг бүлгийн 880 өрхийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол тэжээлийн чанарыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор Тогтвортой газар тариалан ба эдийн засгийн хөгжил төслийг хэрэгжүүлж байна.

-Төслийн хүрээнд ямар ажлууд хийж байна?

-Тогтвортой газар тариалан ба эдийн засгийн хөгжил төсөлд 2023 он хүртэл Өлгий сумаас 680, Бугат, Сагсай сумуудаас тус бүр 60 өрх хамруулна. Энэ жил хашаандаа он удаан жил хүнсний ногоо тарьсан туршлагатай, хэлний мэдлэгтэй хүмүүсээс 15 хүнийг сонгон авч, сургалтад түлхүү хамруулан сургагч багш бэлтгэсэн. Эдгээр сургагч багш нар тус бүр 10 өрх, нийтдээ 150 айлыг хариуцан ажиллана. Эхний жилд дээрх 150 өрхийг батлагдсан хөтөлбөрийн дагуу газар тариалангийн мэдлэг дээшлүүлэх сургалтуудад хамруулан ажиллаж байна. Зорилтод өрхүүдэд 14 нэр төрлийн хүнсний ногооны үр, 3 төрлийн багаж хэрэгсэл өгсөн. Одоо тариалалтаа амжилттай эрхэлж байгаа. Дадлага сургалт зохион байгуулах  15 газар тариалангийн дадлагын талбай тохижуулсан. Гишүүдийг хоолны сургалтад хамруулах боломж бүрдүүлэх зорилгоор зорилтод 3 суманд "Гал тогооны клуб" тохижуулж, энэ сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаа явуулж байна.

-Гал тогооны клуб нь ямар ач холбогдолтой вэ?

-Хоолны сургалтыг Монголын тогоочдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар "Галайхан" холбооны сургагч багш нар батлагдсан хөтөлбөрийн дагуу удирдан явуулдаг. Сургалтын явцад хүнсний ногоогоор хоол хийх арга барилыг заана. Жишээлбэл, төмс, манжинг хэдэн минут чанавал илчлэг чанараа хадгалдаг вэ гэдгийг нэг бүрчлэн зааж сургана.

-Тогтвортой газар тариалан ба эдийн засгийн хөгжил төсөлд ямар өрхүүд хамрагдаж байгаа вэ?

-Төсөлд хамарсан өрхүүдийн 80 хувь нь өмнөх төслүүдэд хамрагдаж байсан, 20 хувь нь шинээр ирсэн хүмүүс байгаа.

-Дээрх зорилтод 150 өрх хэр хэмжээний ургац хураан авна гэж тооцоолж байна?

-Бидний тооцоо судалгаа ирэх сарын 30-нд эцсийн байдлаар гарна. Энэ жил 13,2 мянган м2 талбайд шар лууван, хүрэн манжин, байцаа, улаан лооль, өргөст хэмх, төмс, чинжүү зэрэг хүнсний ногоо тариалсан байгаа. Үүнээс төлөвлөгөө ёсоор төслийн зорилтод өрхүүд 6,2 тонн ургац хураан авч, нэг өрх 628,4 мянган төгрөгийн орлого олно гэж тооцоолсон. Гэхдээ энэ төлөвлөгөө давж биелэх төлөвтэй байна.  

-Цаг заваа гаргаж мэдээлэл өгсөнд баярлалаа.







Холбоотой мэдээ