Гадаад дахь Монголын түүх, соёлын дурсгалыг хуулбарлан авахад ГХЯ, Соёлын яам хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-19 10:45:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Соёлын сайд С.Чулуун нар хоёр яам хооронд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.


“Монгол үндэстний үнэлэмж”, “Дэлхийн монголчууд II” хөтөлбөрийг ГХЯ, Соёлын яамтай хамтран хэрэгжүүлэх, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Чингис хаан“ монгол хаадын музей байгуулахтай холбогдуулан гадаад дахь Монголын түүх, соёлын өв, дурсгалт болон эд өлгийн зүйлсийг хуулбарлан авах ажлын явц байдлын талаар мэдээлэл солилцов.


Хоёр сайд олон улсад Монгол судлалын хүрээг тэлэх, Монголын өв соёлыг дэлхийн өв соёлын санд бүртгүүлэх, соёлын өвийг хууль бусаар хил дамнуулан худалдахтай тэмцэх, дэлхийг тойрон аялж Монгол Улсыг сурталчлан таниулдаг үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөнт үзэсгэлэнг бий болгох, соёл урлагийн болон сонгодог урлагийн мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар болов.


Уулзалтын төгсгөлд Соёлын сайд С.Чулуун Олон улсын Монгол судлалын холбооноос ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд хэвлүүлсэн ботиудаас дурсгасан бол Гадаад харилцааны сайд Н.Энхтайван  1393 онд  Алтан ордын хаан Тохтамышаас  Польшийн хаан, Литвийн их ван Валдислав Хоёрдугаар Ягеллод илгээж байсан “Алтан ордын хаан Тохтамышийн ярлык” хэмээн түүхэнд нэрлэгддэг захидлын хуулбарыг гардуулан өгөв. Тохматыш хааны захидал нь 20,5 x 42 см хэмжээтэй 2 хуудас муутуу цаасан дээр бичигдсэн байх бөгөөд эдүгээ Варшав дахь Эртний баримт бичгийн ерөнхий архивт хадгалагдаж байгаа уг захидалд Польшийн хааны мэдэлд байх тодорхойгүй газар нутгийг хамтран эзэмших, энхийн гэрээ байгуулах асуудлыг хөнджээ.


 

Холбоотой мэдээ