Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг баталснаар үйлчилгээний чанар, шуурхай байдалд ахиц гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-26 13:32:32

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав.


Тогтоолын төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байх нь зүйтэй гэж үзээд, нийт 766.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 7 зорилго, 16 зорилт, 79 арга хэмжээ, 103 шалгуур үзүүлэлт бүхий урт хугацааны хөгжлийн баримт бичиг байхаар боловсруулсан байна. Тухайлбал, Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийн баталгааг хангаж, нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, захиргааны менежментийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг нь хөгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тохирсон, тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь тусгасан байна.


Хэлэлцүүлгийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, сүүлийн 10 жил хөрөнгө оруулалт огт хийгээгүй. Үүнтэй холбоотойгоор ажиллах нөхцөл байдал, байр байхгүйгээс нэг хуралдаан сараар хойшилж байгааг дурдаад, хөгжлийн бодлогоор энэ асуудлыг засаж иргэн төвтэй шүүх болохын төлөө зорьж ажиллана гэв. Мөн тэрбээр "Монгол Улсад 526 шүүгч шүүн таслах үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ нийт 1400 орчим захиргааны албан хаагч ажиллаж байна. Нийслэлд гэхэд нэг шүүхийн байранд гурван шүүх байрладаг. 2023 оны мэдээллээр бид 106 мянган хэрэг шийдвэрлэсэн бөгөөд үүнийг 2014 онтой харьцуулахад жил тутам хэргийн тоо 1.6 дахин өссөн" гэлээ.


Тогтоол батлагдсантай холбогдуулж УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар үг хэлсэн юм. Тэрбээр шүүх эрх мэдлийн цаашдын 10 жилийн хугацааны хөгжлийн бодлогыг баталснаар шүүхийн үйлчилгээний чанар, шуурхай байдалд ахиц дэвшил гарах ёстойг онцлон тэмдэглэсэн юм.  

Related news