БАЯНХОНГОР: "Хонгор нутгийн гайхамшгууд"-ыг гэрэл зургийн цомогт багтаажээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2024-04-08 11:53:57

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн гэр зурагчин П.Отгонбаатар "Хонгор нутгийн гайхамшгууд" гэрэл зургийн цомгоо хэвлүүлжээ.

 
Баянхонгор аймгийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газруудыг багтаасан гэрэл зургийн 
цомгоороо “Нутаг орныхоо сайхан бүхнийг гэрэл зургаар дамжуулан хойч үедээ үлдээх, гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд танин мэдэхүй болох, гэр бүлийн бүх насныханд зориулсан бүтээл болсон” тэрбээр хэлэв.


П.Отгонбаатар 10 гаруй жил гэрэл зураг авч байгаа ба голчлон байгаль, аж амьдралыг харуулсан зураг авдгаараа онцлог. Энэхүү цомог түүний 3 дахь бүтээл бөгөөд "Үзэсгэлэнт Баянхонгор", "Баянхонгорт тавтай морил" гэрэл зургийн цомог хэвлүүлж байжээ. 


Тэрбээр хэлэхдээ, "Гэрэл зураг авна гэдэг өөрөө зарлага ихтэй. Тэр дундаа үйл явдлын биш, бидэн шиг байгалийн болон аж байдлын зэрэг авдаг хүмүүсийн хувьд зарлага нь давамгайлчихдаг. Цэвэр хобби болдог онцлогтой. Санасан зургаа нэг очоод л дараад болчихдог зүйл биш болохоор нэг газраа олон дахин очиж байж ганц гайгүй зураг авах тохиолдол ч байдаг" гэв. Мөн гэрэл зургаар дамжуулаад хувьсан өөрчлөгдөж байгаа байгаль, хүн ардын аж амьдралыг авч үлдэхийг чухалчилдгаа онцолж байсан. Өмнө нь зураг авсан газар дараа очиход өөрчлөгдөн хувьссан байх нь олонтаа, тиймээс хүүхэд залуучуудад нутаг орноо гэрэл зургаар дамжуулан танин мэдэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэдэл, сэтгэхүйтэй болоосой гэж хүсдэг тухайгаа ярив. 


"Хонгор нутгийн гайхамшгууд"-аас Баянхонгор аймгийн байгалийн үзэсгэлэнт болон түүх, соёлын дурсгалт газруудын гэрэл зургийн давтагдашгүй бүтээл болон тухайн газрын дэлгэрэнгүй мэдээлэлтэй /англи, монгол хэлээр/ танилцах боломжтой.

 

Гэрэл зурагчин П.Отгонбаатар гэрэл зургийн бүтээлүүдээс...