Хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-04 15:02:58

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу тус комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлээд байна.


Энэ удаагийн илтгэлийг өнгөрсөн онд хийсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, иргэдийн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, мөн төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын тайлан мэдээлэл, бусад эх сурвалжид үндэслэн 7 сэдвээр боловсруулжээ. Долоон бүлгийн хүрээнд 54 саналыг тусгажээ.


Тодруулбал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаар 14, боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын тухай 11, хүүхдийн эрхийн асуудлаар 9, гэр бүлийн харилцаан дахь жендерийн эрх тэгш байдал, хүний эрхийн талаар 6, иргэний нийгэм, байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилтийн тухай 3, хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн тухай 6, хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэх асуудлаар 5 санал дэвшүүлээд байна.


ХЭҮК-ын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид бүлэг тус бүрийг тоймлон сэтгүүлчдэд танилцуулсан юм. Тэдгээр саналын заримыг нь сийрүүлбэл, байгаль орчны салбарт мөрдөж буй 30 хууль болон эрх зүйн 200 акт, норм, дүрэм, стандартын давхардал, зөрчил хийдлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэн арилгах, сургууль завсардсан, огт суралцаагүй хүүхдийн бүртгэлийн нэгдсэн сан үүсгэх, боловсрол олгох, хагас ба бүтэн өнчин хүүхдийн талаар тусгай бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийн асрамж, халамжийн төвийг төрөлжүүлэх, өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндэд анхаарч, өвөрмөц хэрэгцээнд нь тулгуурласан урьдчилан эсэргийлэх, тусламж, үйлчилгээний үзүүлэх, гэрч хохирогчийг хамгаалах бие даасан механизм бий болгох, хүний эрх хамгаалагч, шүгэл үлээгчийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх, хорих ял эдлээд суллагдсан хүнийг нийгэмд дасан зохицоход дэмжих эрх зүйн орчныг олон улсын туршлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх гэжээ.

 

相关新闻