Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-04-08 15:12:18

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.


1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хийж шүүх эрх мэдлийн талаар тусгайлан зохицуулсан юм. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг анх баталсан хэмээн хуулийн төсөл санаачлагч танилцуулав.


Тэрбээр, Шүүх байгуулах тухай хуулийг баталсан өдөр буюу 6 дугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмсэн.

Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ.


Хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шүүхийн өдөр” гэсэн “5.1.18.Шүүхийн өдөр, зургаадугаар сарын 14” гэсэн заалтыг нэмж тусгахаар болжээ.

Хуульд нэмэлт оруулах тухай төслийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цахим хуудсанд санал авахаар байршуулахад иргэд, олон нийтээс санал ирүүлээгүй бөгөөд хуулийн төсөл батлагдаж, хэрэгжүүлснээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардлагагүй гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

相关新闻