ХОВД: Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явуулын баг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-27 15:22:59

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/ Дэлхийн эмч нарын өдрийг угтсан олон талт ажил Ховд аймагт өрнөж байна.


Тухайлбал, алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг түгээх зорилгоор аймгийн төв буюу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг таван Өрхийн эрүүл мэндийн төвөөс явуулын эмч нарын баг гаргалаа.


Тус явуулын баг өнөөдрөөс эхлэн Малчны хорооллын бүх гудамжаар явж, иргэдийн гэрээр зочилж, шаардлагатай үзлэг, оношилгоог хийх юм. 


Уг ажил гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Малчны хороололд Жаргалант сумын Цамбагарав багийн иргэдээс гадна хөдөөгийн бусад сумын иргэд оршин сууж байна.


Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох, хэнийг ч орхигдуулахгүй байхад сум, багийн эмч нар, өрхийн эрүүл мэндийн төвийнхний үүрэг оролцоо хамгаас чухал байдаг.  


Иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөжүүлэхэд энэхүү явуулын багийн ажил ач холбогдолтой юм.  


Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй таван Өрхийн эрүүл мэндийн төвд одоогоор 70 гаруй хүн ажиллаж байгаагаас 40 орчим хувь нь эмч нар юм.   

 

相关新闻