Шатахууны хангалт, түгээлтийг дөрөв хоногт багтаан хэвийн болгохыг үүрэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-09 13:01:36

Улаанбаатар, 2025 оны арвахоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогчидтой өчигдөр уулзжээ.


Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын  хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алсалсан сум, багийнхныг 12-ны дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргажээ. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулахаар зохицуулахыг импортлогч аж ахуйн нэгжүүдэд хэлсэн байна.


Өнгөрсөн сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн АИ92 шатахуун, 124.2 мянган тонн дизель түлш импортолжээ. Харин энэ сарын 8-ны байдлаар 16 мянган тонн АИ92 шатахуун, 50.3 мянган тонн дизель түлш импортолсон байна Өөрөөр хэлбэл, татан авалт хэвийн байгаа ч хомсдол үүсгэж, ард иргэдэд чирэгдэл үүсгэсэн асуудалд анхаарч, хуулийн байгууллагаар шалгуулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдэв. Тэрбээр, Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол шаардлагатай тохиолдолд БЭТ томилж ажиллуулна. Энэ нь хувийн өмч рүү халдана гэсэн үг биш, хуваарилалтыг зөв зохион байгуулах тал дээр ажиллана гэжээ.  


Нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн байгаа учраас дөрөв хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгож, орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангах албан даалгавар гаргав. Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, эс үйлдэхүй үзүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг санууллаа.


Өнөөдөр өглөөний байдлаар төмөр зам дээр 528 цистерн вагон газрын тосны бүтээгдэхүүн байна. Үүнээс дизелийн түлш 392 вагон, АИ92 шатахуун 52, онгоцны түлш 12 вагон байгааг албаныхан мэдээлэв. 



Связанные новости