“Чингис хаан” үзэсгэлэнг Литва Улсад нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-07 11:05:59

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Чингис хаан” үндэсний музейн захирал, Aкадемич С.Чулуун Балтын тэнгисийн гурван улсын нэг Литва Улсын нийслэл Вильнюс хотноо Үндэсний музейд нь зочлох үеэрээ тус музейн захирал доктор Рута Качкутетэй “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж гарын үсэг зуржээ.


“Чингис хаан” үндэсний музейн мэдээлснээр, гэрээний хүрээнд хоёр орны музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, харилцан мэргэжилтэн солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах юм.


Мөн “Чингис хаан” үзэсгэлэнг 2028 онд тус улсад гаргахаар тохиролцож, Балтын тэнгисийн хавийн ард түмэнд Монголын түүх, их эзэн Чингис хааны түүхийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах юм. Энэ үеэр "Чингис хаан" үндэсний музейн захирал академич С.Чулуун Вильнюсийн Их сургуулийн номын санд буй алдарт Монголч эрдэмтэн О.Ковалевскийн хувийн сан хөмрөгтэй танилцаж, хамтран тусгай каталоги хэвлэх ажлыг эхлүүлэхээр тохиролцов.


Үндэсний түүхийн музей нь Литва улсдаа хамгийн том нь  юм. Зуу мянга гаруй үзмэртэй соёлын өвийн томоохон төв юм.




Связанные новости