Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санг шалгуулах хүсэлт тавилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар 2 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр
манай улсын хууль, эрх зүйн орчин сайжирсан ч хэрэгжилт хангалтгүй байгааг
иргэний нийгмийнхэн уулзалтын эхэнд онцлов. Тухайлбал, хөдөлмөрийн насны
хөгжлийн бэрхшээлтэй 89 мянган иргэний 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь
Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжихгүй байгааг харуулж байна гэж “Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн сургалт мэдээллийн төв” ТББ-ын ерөнхийлөгч Н.Энхбаяр
хэллээ.
Аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг
ажлын байраар хангаагүй бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих дэд санд нөхөн төлбөр төлөхөөр хуульчилсан. Энэ жилийн тухайд уг санд
3.6 тэрбум төгрөг төвлөрчээ. Нөхөн төлбөрийн хэмжээ ажил эрхэлж буй хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн тоо хол зөрүүтэй байгаа нь хууль хэрэгждэггүй, хяналт сул
байгаагийн илрэл гэж иргэний нийгмийнхэн үзэж байна.
Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд Хөгжлийн
бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг тохируулагч агентлаг болгон өөрчлөх
шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад уламжиллаа. Мөн Хөгжлийн
бэрхшээлтэй иргэний үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон
шалгаруулалтаар тодруулдаг байх санал илэрхийлэв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд
санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно гэж Ерөнхий сайд
Г.Занданшатар хэллээ. Мөн маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар
дээрх саналыг хэлэлцүүлэхээр тогтов.
Ulaanbaatar