Эмч ажилчдын үндсэн цалинг ирэх онд багтаан 3 сая төгрөгт хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-12 12:51:15

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын үндсэн цалинг ирэх онд багтаан 3 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна гэж салбарын сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа хийсэн мэдээллийнхээ үеэр хэллээ.


Тэрбээр цааш хэлэхдээ, "Ирэх онд цалинг гурван удаа үе шаттай нэмнэ. Ингэснээр 2026 оны 12 дугаар сарын нэгэн гэхэд одоогийн авч буй цалингийн нэмэгдлийн хэмжээг 75 хувьд хүргэнэ. Мөн Засгийн газраас 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулж, тухайн онд цалинг 3.5 сая төгрөг болгоно.


Цалин нэмэх асуудал ярихаар санхүүжилтийг нь хэрхэн шийдэх вэ гэсэн асуудлыг хөнддөг. 191 тэрбум төгрөгийг урсгал зардал танах байдлаар гаргана. Энэ нь 15 хувийн нэмэгдлийн мөнгө юм. 157 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн гэрээний тоо хэмжээг бууруулах, үйлчилгээг хумих, шаардлагагүй зардлыг бууруулах, сангийн менежментийг сайжруулах замаар гаргах юм" гэлээ.


Энэхүү саналыг өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоонд танилцуулах аж.

Связанные новости