Монголын баг шилдэг дөрөвт үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-12 10:51:11

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нэтфликсийн “Бие бялдар Ази” реалити шоуны шилдэг дөрвөн баг өчигдөр тодорлоо.


Өнгөрсөн сарын 28-нд найман багтай эхэлж байсан тус шоунд өдгөө БНСУ, Япон, Монгол, Австрали гэсэн дөрвөн улс ур чадвар, ухаан мэдлэг, хүч чадлаараа шалгаран үлдэв. Үүнээс тавдугаар даалгаварт Японы баг шалгарч, үлдсэн гурван баг “Үхлийн тулаан”-д орохоор болсон. Уг шоуны 10-12 дугаар бүлгийг энэ сарын 18-нд цацсанаар ялагч тодрох юм.


Түрүүлсэн багийг нэр тэрбум воноор шагнана гэдгийг албан ёсоор зарлаад байгаа билээ. Энэхүү шоу нээлтээ хийснээс хойш Азийн орнуудад үзэлтээрээ дээд амжилтууд тогтоожээ. Тухайлбал, энэ сарын сарын 5-ны байдлаар шоуг 5.2 сая удаа үзэж, Нэтфликсийн “Non-English” буюу “Англи хэл дээрх бус” ангилалд гуравдугаарт бичигдэж байна. Ингэхдээ нийт 44 улсын шилдэг 10 жагсаалтад багтаж, найман улсад нэгдүгээр байрт орсон үзүүлэлттэй байна.


Монгол Улс энэ төрлийн олон улсын шоу тэмцээнд анх удаа баг бүрдүүлэн оролцож байгаа бөгөөд өөрсдийн хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ дэлхий дахинд харуулан өрсөлдөж байна.





Связанные новости