ӨВӨРХАНГАЙ: Аймгийн БОЭТ-д ирүүлсэн санал, гомдлын тоо цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-12 10:17:33

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/.  Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд иргэдээс ирүүлж буй санал, гомдол буурсан үзүүлэлттэй байна. 2023 онд 551, 2024 онд 420 өргөдөл ирж байсан бол 2025 оны эхний 10 сард 356 болж цөөрсөн бөгөөд үүний 95 хувийг шийдвэрлэжээ. Мөн 2023 онд 50, 2024 онд 54 гомдол иргэдээс ирж байсан бол 2025 оны эхний 10 сард 30 болж, өмнөх оныхоос 55 хувиар буурсан байна.


Санал гомдлын дийлэнх нь амбулаторийн үзлэгтэй холбоотой байв. Гомдлыг төрлөөр нь авч үзвэл тусламж үйлчилгээний хүртээмжтэй холбоотой 14, эмчийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой 8, ур чадвар 2, бусад асуудлаар 6 иргэн ханджээ.


Иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг шийдвэрлэх хүрээнд амбулаторийн тоог нэмэгдүүлэх, зохицуулагч сувилагчийг ажиллуулах, Юнител компанитай хамтран цахим бүртгэлийн хэсгийг тохижуулж, дуудлага хүлээн авах ачааллыг бууруулах, эмч нарын жижүүрийн хуваарьт өөрчлөлт оруулах, ёс зүйн сургалт явуулах, дотоод тохижилтыг сайжруулах зэрэг олон ажлыг хийгээд байна.


2025 оны эхний 10 сарын байдлаар БОЭТ-д 93 талархал иржээ. Үүний дийлэнх нь поликлиникт хаягласан байна. 

Связанные новости