ЗАВХАН: Орос багш нар орон нутагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-12 11:13:13

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймагт Оросын Улс түмний найрамдлын их  сургуулийн багш нарын баг ажиллаж байна.


Эдгээр багш нар тус аймагт орос хэлийг шамдан суралцаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан хичээлүүд, орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг хийж байна. Мөн Завхан аймгийн “Оросын өргөө” орос хэлний клубийн үйл ажиллагаатай танилцаж байна.


Багш нарын багт Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн Орос хэлний дээд сургуулийн 3-р тэнхимийн доцент, хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн И.Н.Пахомова, хэл шинжлэлийн факультетийн Орос ба гадаад уран зохиолын тэнхимийн доцент, хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн К.Н.Галай, Орос хэлний дээд сургуулийн 3-р тэнхимийн нэмэлт боловсролын багш Е.А.Бирюкова, 3-р тэнхимийн нэмэлт боловсролын багш Л.С.Конишева нар ажиллаж байна.


Тэд аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, хэлтсийн дарга нартай уулзаж, Завхан аймагт ажиллах хөтөлбөр, хэрэгжүүлж буй төслийнхөө мэдээллийг өгч, санал солилцлоо. Багш нарын баг энэ сарын 10-22-ны өдрүүдэд Улиастай сумын ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуулиудад ажиллах юм.


ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас орос хэл, соёл, боловсролын чиглэлээр олон улсад болон монголын хөдөө орон нутагт зорилтот төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Орос хэлийг сонирхон судалдаг хүүхэд залуучуудад зориулсан зорилтот төслийн хүрээнд мэргэжлийн багш нарыг чадавхжуулан сургалтыг зохион байгуулж байна хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд, Оросын Улс түмний найрамдлын их сургууль (РУДН) нь 1960 онд ЗСБНХУ-ын Засгийн газрын тусгай тогтоолоор, Патрис Лумумбын нэрэмжит Улс түмний найрамдлын их сургууль нэртэй байгуулагджээ. Тус сургууль өнөөг хүртэл гадаадын оюутнуудыг олон талын өргөн мэргэжлээр бэлтгэж байна. Тус сургуулийг төгссөн 100,000 гадаад төгсөгч дэлхийн ихэнх оронд ажиллаж байна.




Связанные новости