АПЕК-ийн удирдагчид “Гёнжүгийн тунхаглал”-ыг баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ГЁНЖҮ, 2025 оны арваннэгдүгээр сарын 2 /Yonhap/. Ази, Номхон далайн орнуудын удирдагчид худалдаа, хөрөнгө оруулалтыг бүх нийтэд ашиг тустай байдлаар хөгжүүлэх ёстой гэдэгтэй санал нэгдсэнийг бүс нутгийн чуулга уулзалтын дараа бямба гарагт гаргасан хамтарсан тунхаглалд онцлон тэмдэглэжээ.
Дэлхийн эдийн засгийн тэн хагасаас илүү хувийг эзэлдэг Ази,
Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/-ийн 21 гишүүн эдийн засгийн удирдагчдын хоёр өдрийн турш үргэлжилсэн уулзалтын
төгсгөлд “Гёнжүгийн тунхаглал”-ыг баталсан байна.
“Бид Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт, хөгжил
цэцэглэлтэд худалдаа, хөрөнгө оруулалт амин чухал гэдгийг нийтээрээ
хүлээн зөвшөөрч, дэлхийн өөрчлөгдөж буй орчин нөхцөлийг даван туулахын тулд
эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үүрэг амлалтаа дахин нотоллоо”
гэж баримт бичигт дурджээ.
АПЕК-ийн 21 гишүүн эдийн засагт АНУ, Хятад, Япон, Орос,
Канад болон Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бусад орнууд, мөн Перу, Чили улсууд
багтдаг.
Өмнөх АПЕК-ийн уулзалтуудын үеэр гаргасан тунхаглалуудтай
харьцуулахад энэ жилийн баримт бичигт олон талт худалдааны системийг дэмжих үүрэг
амлалтыг дахин нотолсон үг хэллэгийг хассан нь дэлхийн томоохон эдийн засгуудын
дунд худалдаатай холбоотой байр суурийн зөрүү улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Америк
нэгдүгээрт” бодлогыг эргэн хэрэгжүүлж, Хятадтай худалдааны маргаан үүсээд
байгаа энэ үед удирдагчид чөлөөт худалдааны талаар зөвшилцөлд хүрэх эсэх, цаашлаад
ямар түвшинд хүрэх нь энэ оны АПЕК-ийн уулзалтын үеэр олон нийтийн анхаарлын
төвд байсан гол асуудал байв.
Сүүлийн жилүүдэд гаргасан хамтарсан тунхаглалд АПЕК-ийн гишүүдийн
ихэнх нь Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ суурилсан чөлөөт худалдааны дэг журмыг
дэмжиж ирсэн юм. Харин энэ жилийн тунхаглалд ДХБ-ын тогтолцооны талаар дурдаагүй
байна. 2021-2024 онд болсон АПЕК-ийн бүх дээд хэмжээний уулзалтын тунхаглалд
ДХБ-ыг “гол цөмд нь” байлгах дүрэмд суурилсан олон талт худалдааны тогтолцооны
талаар дурдаж байлаа. АПЕК-ийн удирдагчдын тунхаглалыг зөвхөн гишүүн эдийн
засаг бүр дэмжиж, зөвшилцсөний үндсэн дээр батлах ёстой.
Худалдаанаас гадна уг тунхаглалд хиймэл оюун ухааны хөгжлөөс
үүдэлтэй технологийн дэвшил болон хүн ам зүйн өөрчлөлттэй холбоотой асуудалд
анхаарлаа хандуулсан бөгөөд энэ хоёр гол санаачилгыг Өмнөд Солонгос энэ жилийн үйл
ажиллагаануудыг зохион байгуулагч орны хувьд онцлохыг зорьж байсан юм. Ерөнхийлөгчийн
Тамгын газраас мэдээлснээр, энэхүү тунхаглалд анх удаа соёлын болон бүтээлч
салбарыг Ази, Номхон далайн бүс нутгийн шинэ өсөлтийн хөдөлгөгч хүч гэдгийг
хүлээн зөвшөөрч, 21 гишүүн эдийн засгийн хиймэл оюун ухаан болон хүн ам зүйн
өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах талаарх нийтлэг ойлголт, үүрэг амлалтыг
тусгасан байна. Мөн хамтарсан тунхаглалаас гадна удирдагчид хиймэл оюун ухааны
санаачилга болон хүн ам зүйн өөрчлөлттэй холбоотой асуудлуудад хариу арга
хэмжээ авах талаар хоёр тусдаа баримт бичгийг баталсан байна.
Ulaanbaatar