Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеевийг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газрын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж байгаад Ерөнхий сайд талархлаа илэрхийллээ.
“УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татварын асуудлыг шийдвэрлэсэн нь Улаанбаатар төмөр замын шинэчлэхэд санхүүжилтийн таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн ДЦС-3, ДЦС-4-ийн шинэчлэлийн ажлын хүрээнд хөнгөлөлтэй зээл авах асуудлыг шийдвэрлэж, Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон, Монгол, Оросын хамтарсан их сургууль байгуулах санаачилга гарсан зэрэг Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдааны шийдвэрүүдийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов.