2019 онд хүүхдийн эндэгдлийг бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн удирдлага, холбогдох мэргэжлийн эмч, сувилагчид, мэргэжилтнүүд оролцож, 2018 оны нярайн эндэгдэлд хийсэн судалгааны үр дүн, дүгнэлт, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэв.
Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаас сүүлийн хоёр жилд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулахад анхаарч ажиллаж байгаа юм. Нярайн эндэгдэл 2018 онд 1000 амьд төрөлтөнд 10,4 промилл байсан бөгөөд 2019 онд 9,0 промилл болтол бууруулах зорилттой ажиллаж байна.
2018 онд хүүхдийн эмчийн тоог нэмэгдүүлэх зорилгоор 6 эмчийг дотоодод, 3 их эмчийг гадаадад сургалтанд хамруулан нярайн эрчимт эмчилгээний клиник менежмент, дутуу нярайн хоол эмчилгээ, антибиотик хэрэглээний орчин үеийн арга зүйд суралцаад байгаа аж.