Саудын Арабын хунтайж Пакистанд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-18 12:47:17
Yesukheitumur Tumurbaatar

ИСЛАМАБАД. /Anodulu/. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман Пакистанд хоёр өдрийн айлчлал хийж байна.


Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман тэргүүтэй төлөөлөгчдийг Пакистаны Ерөнхий сайд Имран Хан, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Камар Бажва болон бусад албаны төлөөлөгчид Исламабад хотын “Noor Khan” нисэх онгоцны буудалд угтан авсан байна.


Угсаа залгамжлах хунтайжийг өндөр дээд албан тушаалын 100 гаруй төлөөлөгч дагалдан явж байгаа аж.


Олон нийтийн анхаарлыг татсан хоёр өдрийн айлчлалын үеэр талууд 20 тэрбум ам.долларын өртөг бүхий худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр байгуулах төлөвтэй байна. Саудын Арабаас санал болгосон хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг Пакистаны стратегийн чухал ач холбогдолтой Гвадара боомт хотод газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулахаар төлөвлөжээ. 


Үүний зэрэгцээ Саудын Арабын “ACWA Power International” байгууллага Пакистаны эрчим хүчний салбарт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа тухай Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид Аль-Фалих уулзалтын үеэр мэдэгдсэн юм.


Хунтайж Салман хүлээн авалтын үеэр үг хэлэхдээ, “Пакистаны ирээдүй гэрэлтэж байна. Имран Ханы удирдлага дор Пакистан улс хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эхлэл бөгөөд цаашид бид Пакистанд хөрөнгө оруулалт хийсээр байх болно ” хэмээн мэдэгджээ.

Связанные новости