Д.Сумъяа "Бөртэ чоно-2017"-гийн "Шилдгийн шилдэг тамирчин"-аар тодорлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2017-12-20 20:57:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Оны шилдгийн шилдэг тамирчин" шалгаруулах "Бөртэ чоно-2017" ёслол Мираж ресторанд болж, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа улиран одож буй 2017 оны "Шилдгийн шилдэг тамирчин"-аар тодорлоо.

15 дахь жилдээ болж буй "Бөртэ чоно-2017"-г Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 106 гишүүний нууц санал асуулгаар шилдгүүдийг тодруулсан юм. Энэхүү хүндтэй ёслолыг Монголын үндэсний олимдийн хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн гавьяат зүтгэлтэн, доктор Д.Загдсүрэн нээсэн юм.



Тэрбээр: "Олимп-спортын одод чуулсан энэ үдэш та бүхэн олимпизмоор цээж дүүрэн амьсгалж, шилдгийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн, дурсамж дүүрэн мөчийг өнгөрөөх нь дамжиггүй.  Манай авьяас билэг, зориг төгс тамирчид  маань тив, дэлхийн тавцанаас медалийн арвин ургац хурааж, чөлөөтийн П.Орхон, жүдогийн  Д.Сумъяа нар дэлхийн оргилыг эзэмшиж, эх орныхоо нэрийг мандуулсан, аз хиймориор дүүрэн жил байлаа. Мөн МҮОХ-ны VII чуулган амжилттай боллоо. Бид "Токио-2020" хүртэлх стратеги төлөвлөгөөгөө тодорхойлсон. Мөн 23 тамирчнаа дэмжин, олимпийн эв санааны нэгдлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрууллаа. Зүүн Азийн залуучуудын наадмыг 2023 онд нийслэлдээ зохион байгуулна. Бидний залгамж халаа өсөн дэвжиж байна. Ирэх жил олон спорт наадам болно. Манай тамирчид Пёнчан 2018 наадамд өрсөлдөхөөр зэхэж байна. Бээжингийн олимпийн их наадмаас анх удаа алтан медаль хүртсэний 10 жилийн ой ирэх онд тохионо. Биднийг дэмжин хамтран ажилладаг хувь хүмүүс, байгууллагуудад маш их баярлалаа. "Бөртэ чоно-2017" ёслол албан ёсоор  нээгдсэнийг мэдэгдье" гэлээ.

Олимпийн өвөө хэмээн монгол түмэндээ хүндлэгддэг, ОУОХ-ны хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван индэрт гарч "Шилдэг олимпийн танхим"-аар шалгарсан Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн спортын танхимын хамт олонд шагналыг нь гардууллаа. Нийт 8 төрлийн дугуйлан ажиллуулдаг тус хамт олон энэ оны олимпийн шилдэг танхим болсноор 2017 оны спортын шилдгүүдийн шагналын эзэд тодорч эхэлсэн юм.



Улмаар "Бөртэ чоно" наадмыг санаачлагч Боролдойн гэгддэг Мягмар оны шилдэг олимпийн зөвлөлөөр Архангай аймгийн Мехико олимпийн зөвлөл шалгарсаныг зарлаж, шагналыг нь гардуулав. Энэхүү хүндтэй шагналын эзэд болсон Оны шилдгүүдийг та бүхэнд танилцуулж байна.

  • 2017 оны шилдэг клуб-Мегастарс /тамирчид нь нийт 48 медаль хүртсэн/
  • 2017 оны шилдгийн шилдэг шүүгч-хүндийг өргөлтийн олон улсын  шүүгч Л.Одгэрэл
  • 2017 оны олимпийн шилдэг зүтгэлтэн Ч.Зоригтбаатар
  • 2017 оны спортын шилдэг эмч, эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхбаяр  
  • 2017 оны шилдэг спортын холбоод-Монголын жүдо бөхийн холбоо, Монголын чөлөөт
  • бөхийн холбоо,
  • (МҮОХ-ны салбар хороодоос тус холбооны тамирчид энэ онд олон улсын тэмцээнүүдээс хамгийн олон медаль хүртсэн амжилт үзүүлжээ)

  • 2017 оны олимпийн бус төрлийн шилдэг холбоо-Монголын шатрын холбоо, Монголын бүжгийн спортын бүжгийн холбоо  
  • 2017 оны спортын холбооны шилдэг Ерөнхийлөгч- Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Д.Даваасамбуу 
  • 2017 оны спортын холбоодын шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга – Монголын Жюү жицүгийн холбооны ЕНБД О.Болд-Эрдэнэ
  • 2017 оны шилдэг баг- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 
  • 2017 оны шилдэг залуу тамирчин-Чөлөөт бөхийн тамирчин Н.Насанбуян (Түүний шагналыг багш нь гардан авлаа.) 
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч-Жүдо бөхийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш О.Балжинням (түүний бэлтгэсэн тамирчид энэ онд нийт 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ)
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч-Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч-Чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр
  • 2017 оны Шилдгийн шилдэг дасгалжуулагч Жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од

  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин -Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг  
  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин-Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон
  • 2017 оны Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин-Жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа

  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин-Жүдо бөхийн ДАШТ хүрэл медальт Г.Одбаяр
  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин-Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр
  • 2017 оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин-Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай 

"Бөртэ чоно-2017" шилжин явах цомын эзнээр жүдо бөхийн дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч, Мастерс тэмцээнд дөрвөнтөө түрүү хүртсэн цорын ганц тамирчнаар тодорсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа хүртсэн нь энд хуран цугласан манай спортын одуудын талархалыг хүлээсэн юм.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ