Завхан аймгийн спортын салбарын 70 жилийн ой болж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2017-10-04 10:58:14
Завхан /МОНЦАМЭ/. Завханд Биеийн тамир спортын газар үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойн баярыг аймгийн спортын салбарынхан тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ үеэр Завхан аймгийн спортын салбарын үе үеийн төлөөлөл, багш, дасгалжуулагч, тамирчид хуран чуулж хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн баярын хурал, багш шавийн уулзалт, үе үеийн шилдэг тамирчид, багш дасгалжуулагч, спортын салбарынханд хүндэтгэл үзүүлэх уулзалт, спортын 12 төрлөөр аймгийн хэмжээний уралдаан тэмцээнүүд 24 сумд болж өнгөрлөө. Эдгээр уралдаан тэмцээнд нийт 9600 орчим тамирчин оролцсон байна. Мөн спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан багш, дасгалжуулагч, тамирчдыг шагнаж урамшуулжээ. Түүнчлэн спортын амжилтуудыг танилцуулж, спортын холбоодуудын танилцуулга, амжилтын мэдээллийг олон нийтэд гэрэл зургаар хүргэсэн байна. 
Завханд Улсын мэргэн цолтон 14 бий
Завхан аймагт үндэсний сурын харвааны үндэс суурь 1980-аад оны сүүлчээр тавигдаж 1990-ээд оны сүүлээр эрч хүчтэй хөгжиж улс бүсийн харваануудад Завханы гэх тодотголтой баг тамирчид харваж эхэлсэн түүхтэй ажээ.
1990 онд Завхан аймагт үндэсний сурын харвааны улсын чуулга харвааг зохион байгуулахад манай улсын шилдэг мэргэн 100 гаруй харваач цугларч байжээ. Энэ их түүхэн хөгжлийн явцад Завхан аймгийн харваачид олон амжилтыг үзүүлжээ. Өдгөө Улсын мэргэн цолтон 14, спортын мастер дэд мастер 50, Хүндэт мэргэн нэг төрөн гарсан байна. Завхан аймагт үндэсний сурын спортыг хөгжүүлэхэд Д.Санжаасүрэн, Б.Наранцэцэг, Х.Баасанхүү, н.Долгормаа, н.Дагвадорж, Шагжсүрэн нарын хүмүүс үнэлж баршгүй гавъяа байгуулсныг спортын салбарынхан түүхэн ойн үеэрээ алдаршуулжээ. Эдгээр хүмүүс сурын спортыг сурталчлах, хөгжүүлэхээс гадна олон арван шавь төрүүлж мэргэн сурчдыг бэлтгэн гаргасан байна. Дашрамд Завханы үндэсний сурын холбоо 2014 онд анх 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж аймагтаа шинэ залуу сурчдыг бэлтгэн гаргах, тэднийг дэмжих, урамшуулах, хүүхэд залуучууд өсвөр үеийнхэнд сурталчлан таниулахад олон төрлийн үйл ажиллагааг санаачлан амжилттай зохион байгуулж байна.

Завханы насанд хүрэгчдийн волейболын баг улсын аваргаар хоёр удаа тодорчээ
Завхан аймагт 1955 оноос эхлэн волейболын спорт хөгжиж энэ спортоор хичээллэх тамирчдын тоо нэмэгджээ. Энэхүү спортыг хөгжүүлэх, чадвартай баг тамирчдыг бэлтгэх их үйлсэд Завханы үе үеийн багш, дасгалжуулагч нар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж багагүй амжилтыг гаргаж байсан түүхэн үнэнийг ойн үеэр дурслаа.
Завханы волейболын холбоо анх 1991 онд байгуулагдаж энэ спортыг хүүхэд залуучуудын дунд илүү их хөгжүүлэх олон талын үйл ажиллагааг зохион байгуулснаар багагүй амжилтыг орон нутагтаа авчирчээ. Тодруулбал 1991 оны Өсвөр үеийн Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс н.Санжаасүрэн дасгалжуулагчтай, н.Ганцэцэг ахлагчтай охидын баг хүрэл медаль, 2008 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс Г.Түвшинбат дасгалжуулагчтай, М.Төгсжаргал ахлагчтай охидын баг хүрэл медаль, 2001, 2002 онд “А” лигийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс А.Ёндоншарав дасгалжуулагчтай, Л.Лхамжав ахлагчтай насанд хүрэгчдийн баг хошой алтан медаль, 2003 онд мөн насанд хүрэгчдийн баг хүрэл медаль хүртэж байжээ. Өнөөдөр Завхан аймагт волейболын спортын мастер 36, дэд мастер долоо, зэрэгтэй тамирчид 350 гаруйд хүрсэн байна.

Завханы шагайн харваачид улсдаа тэргүүлдэг
Завхан аймагт 1965 онд шагайн спорт анх үүсч  2011 онд Төгс буянт Жавхлант хийдийн хамба лам С.Баяндоржийн санаачлагаар “Даян мэргэн” шагайн товчоо байгуулагдаж байсан түүхтэй.
Тус шагайн товчоо байгуулагдсан цагаасаа эхлэн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулж аймгийн баяр наадам болон зарим тэмдэглэлт баяр ёслолоор шагайн харвааны спортыг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх олон талын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. 2013 оноос аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг шагайн спорт хөгжиж буй шагайн товчоо байгуулагдсан сум бүрт зохион байгуулж хэвшсэнээр энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн тоо өссөөр байгаа нь сайшаалтай. Харин 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Дөрвөлжин сумын баг тамирчид амжилттай оролцож тавдугаар байр эзэлсэн нь энэ спортоор хичээллэж буй олон тамирчдад урам хайрласан юм хэмээн “Даян мэргэн” шагайн товчооны тэргүүн Б.Гансүх мэдээлэв. Сонирхуулахад Завхан аймгийн шагайн харваачдад 2012 оноос хойш спортын цол, зэрэг олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гоц мэргэн 44, мэргэн 14, дэд мэргэн 19 төрөн гарчээ. Харин Монгол Улсын хэмжээнд Завхан нутгаар овоглодог шагайн харваачид болох Монгол улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд, Б.Баттөр, н.Догсом, Улсын Мэргэн Ц.Мөнхбаатар нарын шилдэг шагайн харваачид бий ажээ.

Мөсний шагайн харвааг өргөжүүлэх олон талын ажил хийгдэж байна
Монголчуудын мөсний шагайн наадгайн талаарх түүхэн баримтын хамгийн эртний мэдээ “Монголын нууц товчоон”-д дурдагдсан нь бий.  “Хожмоо Монголын засаг захиргааны бүтэц зохион байгуулалт аймаг хошууны тогтолцоонд шилжсэний дараа Сайн ноён хан аймгийн Зая гэгээн хутагтын хүрээнд тоглож байсан уламжлалтай.  
Түүний уламжлал Монгол Улсын баруун хагас,  Архангай аймагт багагүй хадгалагдсан бөгөөд энэ нь мөсний шагайн наадааны түүхэн уламжлалтай, цаг уур, газарзүйн нөхцөл байдлаас шалтгаалсан сонирхолтой тоглоом юм. Эртнээс нааш мөсөн шагайг тоглож ирсэн түүхэн уламжлал Завхан нутагт бий. Тухайлбал мөсөн шагайн нээлт, хаалтын тоглолт болох дөрөв, дөрвөн шагай харвах уламжлал Завханд өдгөө ч бий ажээ. Зарим сумдад намар 11 сарын дунд үед тухайн бүс нутгийн цаг уурын онцлог шинжээс хамааран голын ус бүрэн хөлддөг байна. Тэр үеийг тааруулан аль нэг өдөр мөсний шагай тоглодог хүмүүс нийлж тэр жилийнхээ мөсний шагайн харвааны нээх харвааг харвадаг уламжлалтай байж.  Харин өнөөдрийн байдлаар мөсний шагайн харваа Завхан аймагт олон нийтийг хамарч эхэлж буй сайн мэдээ байна. Монголчуудын уламжлалт мөсний шагайн харвааг илүү хөгжүүлэх, уламжлуулахаар аймгийн Мөсний шагайн харвааны холбоо анх 2014 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар энэ спортоор хүүхэд залуучууд сонирхон хичээллэж байна. Анхны мөсний шагайн тэмцээн 2015 онд Улиастай сумын төв цэнгэлдэх хүрээлэнд болж 1200 гаруй хүмүүс оролцож байжээ.  Энэхүү спортыг өргөн дэлгэр хөгжүүлэх, уламжлуулах, мөсний шагайн спортын үүх түүх, танин мэдэхүй, уламжлалт дэг жаягыг суралцуулахаар аймгийн мөсний шагайн холбооноос жил бүр уралдаант болон танин мэдэхүйн арга хэмжээг зохиож байгаа талаар Завхан аймгийн Мөсний шагайн холбооны дарга Н.Тамир мэдээлэл өглөө.

Завханы уулчдын амжилтын буухиа тасраагүй гэв
...Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би... хэмээн Дорнын их найрагч Б.Явуухулан нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Тэгвэл 1955 онд Отгонтэнгэр ууланд анхны авиралтыг хийсэн Монголын уулчдын бүрэлдэхүүнд ОХУ-ын мастер Г.Найдан оролцож их оргилд мөрөө гаргаснаар Завханы уулчдын түүх эхэлжээ.
Улмаар Завхан нутгийн уулчдын амжилтын буухиа оргилоос оргил уруу тэмүүлж дэлхийн зулай болох цаст Гималайн болон тив дэлхийн бусад олон оргилуудад төрийнхөө алтан соёмбот далбааг өргөн мандуулсаар явна. Тухайлбал Завхан нутгаар овоглосон уулчдаас Б.Гангаамаа, Л.Болдбаатар нар Монгол Улсын Гавьяат тамирчин, Ж.Баянцагаан, Т.Чадраабал, Ч.Пүрэвээ, Л.Лутжав, Ч.Тэрбиш, Ө.Батманлай нар олон улсын хэмжээний мастер цол хүртсэн байдаг. Тэдний дундаас Их-Уул сумын харьяат Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн оргилд мөрөө гаргаж, Завханчууд төдийгүй Монгол Улс цаашлаад тив дэлхийд нэр алдараа цуурайтуулсан шилдэг уулчин болжээ хэмээн Завхан аймгийн Уул, аялал жуулчлалын холбооны тэргүүн, уулын спортын мастер Д.Мишигбат нутгийнхаа уулчдын амжилтын товчооныг ойн үеэр олон нийтэд дэлгэв. Мөн өнөөдөр Завханы уулчдаас МУГТ Б.Гангаамаа, Л.Болдбаатар, ОУХМастер Ж.Баянцагаан, Ө.Батманлай, спортын мастер Б.Элбэгжаргал,  П.Батболд, Б.Санжаажав спорт аялалын мастер Б.Түдэв, 1-р зэргийн мастер С.Болор-Эрдэнэ, Г.Золжаргал, Т.Болдбаяр, П.Бямбадорж, С.Сайнбилэг, Б.Норжинсүрэн, Ю.Дашдэлэг, Б.Алтангадас, Ж.Дэмбэрэлгүнчин гэхчилэн олон тамирчин амжилтын оргил өөд цуцалтгүй тэмүүлсээр л байна. Эдний энэ амжилтын буухиаг үргэлжлүүлэн ОУХМастер Ө.Батманлай “Уулсын оргил өөд” клубыг үүсгэн байгуулж улмаар олон ч залуусыг уулын спортод татан оролцуулж байгаа. Ө.Батманлай нь гадаадын болон дотоодын олон оргилд мөрөө гаргасан 8000-т уулчин бөгөөд 2013 онд дэлхийн дээвэр Гималайн нурууны ШишаПангма оргилд Монгол үндэсний хувцастайгаа авиран гарч эх орныхоо далбааг анхлан мандуулсан бахдам түүхийн эзэн юм. Улмаар энэ жил Памирын нурууны тав дахь өндөр оргил Пик Ленин, Горны Алтайн Актру уулын оргилд амжилттай авирлаа. Завхан аймгийн Биеийн тамир спортын газрын түүхэн 70 жилийн ойд зориулж манай “Уулсын оргил өөд” клубын тамирчид энэ сарын 28-ны өдөр ОХУ-ын Горны Алтайн Актру /4044м/ уулын оргилд амжилттай авиралт хийгээд иржээ. Манай уулчдын бахдам түүх ийнхүү амжилтаар үргэлжилсээр байгааг дуулгахад таатай байна гэлээ.
Энэ жил усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтанд орно
Завхан аймагт одоогоос яг 70 жилийн өмнө БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Завхан аймгийн захиргааны дэргэд нэг орон тоотой байгуулагдаж байсан аймгийн Биеийн тамир спортын газрын түүх хэдийнэ 70 жилтэй золгожээ.
Өнөөдөр аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, биеийн тамир спортын газар нэртэйгээр 15 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Өдгөө тус байгууллага анхан шатны 20 гаруй холбоо клубыг эгнээндээ нэгтгэж, жилд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн дунд спортын 10-15 төрлөөр, аймгийн аварга шалгаруулах тэмцээн мөн бүх нийтийн биеийн тамирын төвлөрсөн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. 2013 онд 5000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн ашиглалтанд оруулсан бол энэ 2017 онд усан бассейн бүхий спортын цогцолбор ашиглалтанд ороход бэлэн болжээ. Өнөөдөр Биеийн тамир спортын байгууллагынхаа хөгжил дэвшилд хүч хөдөлмөр, оюун ухаан, авъяас билигээ зориулж ирсэн үе үеийн багш, дасгалжуулагч, ажилтнуудын дурсамжаа сэргээж түүхээ бүтээх ололтоо бататгаж амжилтаараа бахархах өдөр хэмээн ойн арга хэмжээний үеэр аймгийн Биеийн тамир спортын газрын дарга А.Амартүвшин хэллээ. Сонирхуулахад Завханы спортын салбарынхан Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одон гурав, Алтан гадас одон 10, Хөдөлмөрийн хүндэт тэмдэг 21, БТС-ын тэргүүний ажилтан 80 гаруйг хүртжээ.  
Б.Мягмарсүрэн
 
Холбоотой мэдээ