Ямашита Маморү: Тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх учраас даатгалын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-07 16:31:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы “Жайка” байгууллагын шугамаар манай улсад хэрэгжүүлж буй Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү манай улсад ажиллаж байна. Тэрээр, "Монгол Улс тэтгэврийнхээ насыг уртасгах гэж байгаа бол үүнийг аажмаар, ажиллах хүчний нөөц, тэтгэвэрт гарагчдын чадвар зэргийг судалж, нухацтай хийх хэрэгтэй" гэсэн саналаа хэлж байв. 
 
Монгол Улс хүн ам зүйн өөрчлөлтөө тооцон тэтгэврийн сандаа хуримтлал үүсгэх хэрэгтэй

Японы нийгмийн хамгааллын салбарт 20 гаруй жил ажиллаж буй тэрээр МҮХАҮТ-д сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлэхдээ, “Нийгмийн хамгааллын тогтолцоо нь тухайн улсын төр, засгаас тодорхой бүлэг хүний эрх ашгийг бус, нийт иргэдийг дэмжиж хамгаалах үндсэн зорилготой байдаг бөгөөд нийгмийн хамгааллын салбар хөгжиж сайжрахын хэрээр тэгш байдал бий болж, улс орон хөгждөг"-ийг онцлоод энэ үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна гэв. "Одоо Монгол Улсад 20 хүн тутмын нэг нь 65-аас дээш насных байгаа бөгөөд 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь 65-аас дээш настай болно гэсэн судалгааг дурдаж байв. Тиймээс даатгалын тогтолцоогоо ирээдүйгээ харж, шинэчлэх хэрэгтэй. Нийт хүн амд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх учраас одооноос бэлтгэлээ хангах нь зүйтэй" гэсэн саналыг хэлж байв. Тэрээр өөрийн Япон улсаар жишээ аван хэлэхдээ, "Манайд ялгаагүй, Япон улс 60-аад жилийн өмнө залуучуудын орон байсан бол өнөөдөр дөрвөн хүний нэг нь 65-аас дээш буюу тэтгэврийн насных болсон. Ийм нөхцөл байдал үүссэн үед тэтгэврийн тогтолцоогоо сайжруулж, шинэчилнэ гэвэл амжихгүй учир асуудал үүсэхийг урьдчилан тооцоолсон учраас Япон улс хүн амын насжилт хараахан эхлээгүй байсан 60 жилийн өмнөөс иргэдээ тэтгэврийн даатгалд хамруулах системд шилжсэн. Монголд өндөр настнуудын тоо нэмэгдэх учраас  үүнд одооноос тохирсон бодлого хэрэгжүүлэх, залуучууд олон байгаа энэ үед НДС-нд хуримтлал үүсгэх, дундаж давхаргын тоог нэмж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн үндсэн гурван чиглэлээр зөвлөгөө өгч байгаа"-гаа тэмдэглэн хэлсэн юм. "Тэтгэврийн даатгалын сан зарлагаа нөхөхөөс гадна хуримтлал үүссэн байх ёстой. 50 жилийн дараа Монголын хүн ам зүйн өөрчлөлтийг тооцох  боломжтой" гэж байв. 

 
Тэтгэвэр, НДС-гийн  мөнгийг хадгалах бус, хөрөнгө оруулах замаар өсгөж болно

Ноён Ямашита Маморү цааш нь хэлэхдээ, "Нөгөө талаар Монголд хүн амын огцом өсөлт ажиглагдахгүй байна. Тиймээс иргэн бүрийг тэтгэврийн даатгалд хамруулах нь чухал. Даатгалын тогтолцоо гэдэг тухайн орны онцлог, ёс заншилтай холбоотой байдаг ч бас үндсэн зарчмын дагуу явах ёстой. Японы даатгалын тогтолцооны гол зарчим нь бүх хүнийг албан журмаар даатгалд хамруулдаг үндсэн зарчмыг Монгол Улс хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Малчин болон хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс өөрийнхөө амьдралыг болгоод явах хэмжээнд байх юм бол заавал даатгалд хамрах шаардлагагүй. Гэвч хөдөлмөрлөх боломжгүй тохиолдолд орлогын эх үүсвэр нь юу байх гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв даатгалд хамрагдсан бол нийгмийн даатгалын сангаас эрсдэлээ даалгах боломж бүрдэнэ" гэсэн юм.
Ямашита Маморү өөрийн орноор жишээ татахдаа, "Япон улс хөгжиж буй үедээ хуримтлалын мөнгийг банкинд зүгээр хадгалах бус, ажлын байр нэмэгдүүлэхэд ашиглаж, аж үйлдвэрийн том бүс байгуулж, үйлдвэрлэлээ дэмжсэн. Газар тариаланд ажиллаж байсан залуус тэнд ажиллах болсон. Хуримтлалын сангийн мөнгөө бага багаар тэтгэвэрт авагчдад зарцуулж байна. 50 жилийн дараа залуучууд тэтгэвэр авагчид болно. Иймд одоогоос хуримтлалын сан үүсгэх хэрэгтэй" гэж байв.

Тухайн үед авч байсан цалингийн хэмжээг өнөө үед шилжүүлж тооцох учиртай

Түүнчлэн, Японы туршлагаас харвал мөнгийг хадгалаад байх бус, хөрөнгө оруулах замаар өсгөж болох аж. Мөн дундаж орлоготой өрхийн тоог нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан нэмэгдүүлэх нь чухал байдаг гэдгийг Ямашита Маморү хэлж байлаа. Тэрээр, Манай улс орлого багатай өрхийн орлогыг нэмэх тал дээр ихээхэн анхаарч ажилласан. Дундаж орлоготой давхарга нэмэгдэхээр худалдан авалт өсөж, дагаад үйлдвэрлэл хөгжиж, үйлдвэрлэл нэмэгдэхээр ажлын байртай болж, иргэдийн орлого өснө. Японд ажилгүй иргэдийн хувьд Тэтгэврийн байгууллагадаа хүсэлт гаргаснаар төрөөс шимтгэлийн 50 хувийг хариуцдаг. Японы даатгалын системийн онцлог нь тухайн үед авч байсан цалингийн хэмжээг өнөө үед шилжүүлж тооцдог. Тухайн үед мөнгөө төлсөн хүн одоо 50 хувийн тэтгэвэр авах нь шударга бус. Тиймээс цалингийн дундаж хэмжээг жил бүр тооцон одоогийн тэтгэврийн хэмжээг тогтоодог. Улмаар цалин нэмэх, амьжиргааны түвшин дээшлэхтэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчилдөг. Монголд дундаж цалингийн хэмжээг өөрчилж байгааг тэтгэврийн хэмжээнд тусгахгүй болохоор тухайн үед төлсөн шимтгэлийн үнэ цэнээ алдаж байна. Мөн улстөрийн сонгуулийн үеэр тэтгэвэр нэмэх, шимтгэл бууруулах арга хэмжээ авч байгаа нь үнийн хөөрөгдөл үүсгэхээс тэтгэврийн бодит хэмжээг бий болгож чадахгүй. Японд үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр олгодог. Жилийн дундаж цалинг тооцон тэтгэврийн хэмжээтэй уялдуулж тооцох боловсон хүчин, мэргэжлийн баг Монголд хэрэгтэй” гэсэн юм.
Б.Болд
 
Холбоотой мэдээ