Умард Солонгостой залгаа хилийн харуул хамгаалалтыг чангатгахыг Хятадад уриалав

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-05-22 08:09:09
ВАШИНГТОН. /АП/. Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл тус улстай залгаа хилийн харуул хамгаалалтаа чангатгахыг Хятад улсад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уриалсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэлээллээ.

Д.Трамп өчигдөр “Твиттер” хуудастаа “Умард Солонгос болон Хятадын хилийн харуул хамгаалалт сул байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцох хүртэл хилийн хамгаалалтыг сайтар чангатгах хэрэгтэй” гэжээ. Тэрбээр мөн “Би Умард Солонгосыг хөгжүүлэхийг хүсэж байна. Гэхдээ зөвхөн цөмийн зэвсгээс татгалзахаар тохиролцоонд хүрсэн тохиолдолд л” гэж мэдэгдсэн байна.

Умард Солонгосоос хүмүүс олноороо Хятадын хилийг давж, мөн бараа бүтээгдэхүүн хилээр гаргаж байна гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан АНУ-ын төрийн тэргүүн дээрх мэдэгдлийг хийлээ.

Д.Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар ирэх сарын 12-нд Сингапурт дээд хэмжээний уулзалт хийхээр товлоод байгаа юм. Энэ уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцож чадах эсэх ажигчлагдын анхаарлыг татаж байна.
 
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ