Төрийн албан хаагчид спортын зургаан төрлөөр өрсөлдлөө

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 15:25:13

Аймгийн төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд спортын тэмцээн зохиож дүнгээ гаргалаа. Тэмцээнд 19 байгууллагын 620 гаруй тамирчин оролцож, гар бөмбөг, олс таталт, флашмоб бүжиг, шатар, дартс, теннис зэрэг зургаан төрлөөр 42 багц медалийн төлөө авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний гар бөмбөгийн төрөлд БОЭТ-ийн баг, БТСГ-ын  баг, МСҮТ-ийн баг эхний гурван байрыг эзэлсэн бол ширээний теннист Авто тээврийн газрын байцаагч н.Гансүх, БОЭТ-ийн эмч Э.Уранчимэг нар эхний байрт шалгарлаа.

Шатрын тэмцээнд эрэгтэйчүүдээс БОЭТ-ийн их эмч Н.Баярсайхан, эмэгтэйчүүдээс МСҮТ-ийн багш С.Дуламсүрэн нар,  дартсын тэмцээнд Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан Л.Гал, ШШГА-ны ажилтан Б.Жаргалмаа нар тэргүүн байр эзэлж, Флашмоб бүжгийн тэмцээнд аймгийн ИТХ-ийн баг, олс таталтын тэмцээнд Арвайхээр сумын ЗДТГ-ын баг тус тус тэргүүлжээ.Багийн нэгдсэн дүнгээр Бүсийн оношилгоо, эмчилгээний баг  тэргүүлж, шилжин явах цомын эзнээр шалгаран ирэх жилийн төрийн албан хаагчдын дунд спортын тэмцээнийг зохион байгуулах боллоо. Дэд байрт Биеийн тамир, спортын газар, гутгаар байрт Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн баг тус тус шалгарлаа.

Эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд төрийн албан хаагчдын спортоор өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн тэдний эрүүл мэндийг дэмжих, нийтийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, амьдралын зөв хэв маягийг сурталчлан таниулах зорилгоор энэхүү спортын тэмцээнийг зохион байгуулсан юм.

Б.Батчимэг 

 

Холбоотой мэдээ