М.Помпео Америкийн гурван иргэнийг суллан авч явсан бололтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-09 11:24:15
СӨҮЛ./ТАСС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Умард Солонгост хоригдож байсан Америкийн гурван иргэний хамт Пхеньянаас АНУ руу буцсан байж магадгүй байна. Энэ тухай өнөөдөр Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын эх сурвалжаас иш татан мэдээллээ.
 
М.Помпео БНАСАУ-д айлчлах явцдаа АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын товыг тохиролцсон байж магадгүй юм.
 
Ёнхап агентлагийн мэдээлснээр, тагнуул хийсэн, дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Умард Солонгост шийтгүүлсэн Америкийн гурван иргэнийг 4 дүгээр сарын эхээр шоронгоос зочид буудалд шилжүүлэн байрлуулсан байна. Тэднийг суллах асуудлаарх хэлэлцээ БНАСАУ-д АНУ-ын эрх ашгийг төлөөлдөг Швед улсын зуучлалаар явагдаж байгаа аж. Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын гурван иргэнийг сулласан тухай мэдээлэл удахгүй ирнэ гэж байсан юм. 
 
Вашингтон болон Пхеньян одоогоор хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалттай холбоотой нарийн тодорхой асуудлуудыг хэлэлцэж байна. Өмнө нь Д.Трамп мэдэгдэхдээ, уг уулзалт БНАСАУ-БНСУ-ыг тусгаарласан цэрэггүй бүс дэх Панмүнжом хилийн сууринд ойрын хэдэн долоо хоногт болж магадгүй гэж байсан юм.
 
Э.Аянзаяа  
 

Холбоотой мэдээ