“Унага” цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй 24 хүүхэд сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-11-30 10:50:50

Орхон аймагт 350 хүүхдийн багтаамжтай “Унага” цэцэрлэг ашиглалтад орлоо. Үүнд орон нутгийн төсвөөс 520, БСШУЯ-аас 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Эл цэцэрлэгийн барилгыг өмнө нь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын байр болгон ашиглаж байсан юм. 2013 онд орон нутаг цэцэрлэг болгон ашиглах шийдвэр гаргажээ.

“Унага” цэцэрлэг 11 бүлэгтэй. Харьяалал харгазахгүй тул бүртгүүлсэн дарааллаараа хүүхдүүд элсэж орно. Тухайлбал, “Бялзуухай” цэцэрлэгт бүртгүүлсэн ч хамрагдаж чадаагүй 99, аймгийн Боловсрол , соёлын газарт бүртгүүлсэн 77, I болон XV цэцэрлэгт сурч байсан 50 сурагч уг цэцэрлэгт явна. Мөн тусгай хэрэгцээт боловсрол буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэг анги нээжээ. Түүнд 24 хүүхэд сурна. Ингэхдээ “Найдвар” төвийн багш нартай хамтрах гэнэ.

“Унага” цэцэрлэг нээгдсэнээр 40 хүн ажлын байртай болж байна. Дашрамд дурдахад, тус цэцэрлэгт дахин 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй бөгөөд үүнийг ирэх оны төсөвт суулгасан байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ