Румын улс ЭСЯ-аа Иерусалим хот руу нүүлгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-20 18:32:14
БУХАРЕСТ. /ТАСС/. Европын Холбооны гишүүн орнуудаас хамгийн түрүүнд Румын улс элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим хотод нүүлгэн шилжүүлэх гэж байна. Энэ тухай өчигдөр Румыны парламентын доод танхимын дарга бөгөөд эрх баригч Социал-демократ намын тэргүүн Ливиу Драгня мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ, засгийн газраас “ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх” тухай санамж бичиг баталсныг дурдлаа. Харин Швейцарийн телевизийн “RTS” сувгийн мэдээлснээр, засгийн газрын санамж бичгийг Гадаад хэргийн сайд Теодор Мелешкану Тунис улсад айлчилж, эзгүй байх үед нь баталсан аж. Тухайн асуудлаар засгийн газрын зүгээс ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
 
2017 оны 12 дугаар сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иерусалим хотыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, АНУ-ын ЭСЯ-г тус хот руу нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэхийг Төрийн Департаментад даалгасан билээ.
 
Энэ оны 3 дугаар сарын 4-нд ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэх шийдвэрийг Гватемал улсын Ерөнхийлөгч Жимми Моралес гаргасан байна. Харин 4 дүгээр сарын 13-нд Гондурас улсын Үндэсний Конгресс тус улсын ЭСЯ-ыг Иерусалим хот руу нүүлгэх тухай тогтоолын төслийг сайшаажээ.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ