Мэргэжил олгох сургалтад 100 иргэн хамрагдаж ажлын байртай болно

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 12:51:50

Дархан-Уул аймагт мэргэжлээрээ ажиллах боломжгүй эсвэл огт мэргэжил эзэмшээгүйн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэд олон байгааг судалгаагаар тогтоожээ.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст л гэхэд энэ сарын 25-ны байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1715 байна. Тэгвэл ажилгүй иргэдийг ажилтай болоход нь туслаж улмаар амьдралынх нь чанарыг дээшлүүлэх зорилгоор Дархан сумын ЗДТГ, "Ла-Луна" сургалтын төвтэй хамтарч 100 иргэнийг мэргэжил олгох сургалтад үнэ төлбөргүй хамруулах ажлыг зохион байгуулж эхлэв. Уг сургалтад цэцэрлэгийн туслах багшаар 40, хүнд машин механизмын оператороор 22, хийн болон цахилгаан гагнуураар 18, баяжуулалтын оператороор 16 хүнийг 21 хоногийн хугацаанд түргэвчилсэн сургалт явуулж мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээтэй төгсгөж ажлын байранд зуучлахаар боллоо гэж аймгийн Хөдөлмөрийн хэлтэсийн мэргэжилтэн н.Гиймаа ярилаа.

                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ