Турк улсаас жуулчдаа татахаар төлөвлөөгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/ Оросын бөмбөгдөгч онгоцыг Туркийн сөнөөгч онгоц унагасантай холбогдуулан Турк улсаас жуулчдаа татах төлөвлөгөөг Оросын Засгийн газар боловсруулаагүй гэж тус улсын Ерөнхий сайдын орлогч Ольга Голодец хэлсэн байна.
“Бид ийм асуудал хэлэлцээгүй” гэж энэ сарын эхээр Египетээс жуулчдаа эргүүлэн татсантай төстэй ажиллагаа явуулах төлөвлөгөө Москвад байгаа эсэх талаарх асуултад Ольга хариулжээ.
Террорист халдлагын улмаас Синайн хойгт Оросын зорчигч тээврийн онгоц осолдсоны дараа Египетээс бүх жуулчнаа эргүүлэн татахаа Орос мэдэгдсэн юм.
Турк улсаас жуулчдаа эргүүлэн татах төлөвлөгөө байхгүй гэж Оросын аялал, жуулчлалын агентлагуудын холбоо мэдэгдсэн ч Турк руу хийдэг багийн аяллыг түр зогсоосон байна. Террорист халдлага болох аюултай учир Турк руу аялахгүй байхыг Оросын өндөр албан тушаалтнууд, тухайлбал, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгч Владимир Путин нар иргэддээ зөвлөжээ.
Х.Аминаа