Улс, хот хооронд тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-17 12:53:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс, хот хоорондын нийтийн зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, осол зөрчлөөс урьдчилан сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Автотээврийн үндэсний төв (АТҮТ), ЗЦА хамтран “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Ирэх сарын 10-ныг дуустал үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх зорчигч тээврийн төв, Налайх, Багануур, Багахангай болон 21 аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид, Автотээврийн хяналтын улсыг байцаагч хамтран улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээнд шалгалт хийх аж. Мөн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, аюулгүй тээвэрлэлтийн талаар иргэдэд зөвлөмж, мэдээлэл хүргэх, хулгайн буюу тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг зогсоох ажлыг өрнүүлнэ. Түүнчлэн Налайх, Багануур болон Төв аймгийн Лүн, Баянчандмань, Хэрлэнгийн гүүр дагуу хөдөлгөөнт пост ажиллуулах аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ