Мүн Жэ Инийг Умард Солонгос шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-15 08:11:28
ПХЕНЬЯН. /Киодо/. Он гарснаас хойш анх удаагаа хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх хугацаан дахь миний хамгийн том зорилго бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах юм” гэж мэдэгдсэнтэй нь холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Умард Солонгос шүүмжилсэн тухай Японы “Киодо” агентлаг мэдээллээ.

Мүн Жэ Ин өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт оны анхны хэвлэлийн бага хурлаа хийхдээ “Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нь ерөнхийлөгчийн үүрэгт хугацаагаа дуусахаас өмнө миний хийхийг хүсэж буй гол ажил. Тодорхой нөхцөл болзолтойгоор Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай би хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байна” гэж хэлсэн юм.

Үүнтэй холбогдуулан Умард Солонгос төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ дамжуулан түүнийг шүүмжилсэн  агуулга бүхий мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд “Даваа гарагт хоёр талын ажил хэргийн түвшний  уулзалт зохион байгуулах гэж байхад Мүн Жэ Ин ийм мэдэгдэл хийсэн нь туйлын бүдүүлэг хэрэг. Цөмийн хөтөлбөрөөс татгалзуулах “далд” санаатайгаар Өмнөд Солонгосын эрх баригчид манай улсын тамирчдыг ирэх сард болох Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцуулахыг хүсэж буй нь илэрхий байна” гэжээ.

Пёнчаны өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын тамирчдыг оролцуулах асуудлаар өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт хоёр Солонгосын хийсэн хэлэлцээний тухай уг мэдэгдэлд дурдахдаа “Бүх юм ердөө эхлэлийн цэг дээрээ л байна” гэсэн байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ