Францад терроризмтой тэмцэх ажиллагаа эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-16 15:50:56

МОСКВА. /RIA Novosti/. Даваа гарагт шилжих шөнө Францын янз бүрийн хотод терроризмтой тэмцэх ажиллагааг эхлүүлсэн тухай RTL радиостанц мэдээлжээ.

Ажиллагааг Гренобль, Жемон, Эшироль, Фонтен, Сен-Мартен-д`Эр сууринд, Бобиньи хотод болон Сен-Сен-Дени мужид явуулж байна.

RTL радиостанцын мэдээлснээр, Гренобльд доод тал нь долоон удаа нэгжлэг хийж, зэр зэвсэг болон бэлэн мөнгө хурааж авсан байна. “Dauphine Libere” сонинд онцлон тэмдэглэж буйгаар, Ерөнхийлөгч Франсуа Олландын зарлигаар онц байдал тогтоосон нь шөнийн цагаар нэгжлэг хийх боломж олгож байгаа аж.

Тулуза хотод аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээний хүрээнд нэгжлэг хийсний дараа наад зах нь гурван хүнийг баривчилсан тухай урьд нь мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Францын нийслэл Парис хотод цуврал халдлага үйлдсэний дараа тус улсад онц байдал тогтоосон юм. Үл таних этгээдүүд нэгэн ресторанд байсан хүмүүс рүү гал нээсэн бол, Франц болон Германы шигшээ багийн хооронд нөхөрсөг тэмцээн болж байсан "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо гурван ч удаа дэлбэрэлт болсон юм. Уг тэмцээнийг Францын Ерөнхийлөгч үзэж байжээ. Үүнээс гадна, "Батаклан" театрт болж байсан рок-концертын үеэр үл таних этгээдүүд хүмүүсийг барьцаалсан. Хамгийн сүүлийн мэдээллээр, эдгээр халдлагын улмаас 129 хүн амиа алджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ