Бага ангийн сурагчдыг "Аюулгүй гэрэлтүүлэгч ханцуйвч"-тай болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-07 12:48:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлан таниулах, сургуулийн насны хүүхдийг зам тээврийн осолд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал хэвшил эзэмшүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөн ба хүүхэд” хэсэгчилсэн арга хэмжээг өнгөрсөн долоо хоногоос  10 хоногийн хугацаагаар зохион байгуулж байна. 

Дээрх арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай танхимийн сургалт явуулж, бага ангийн сурагчдад тусгай гэрэлтдэг “Аюулгүй гэрэлтүүлэгч ханцуйвч”  хэрэглэх талаар дадлага сургуулилт хийлгэж байна.

Аймгийн Албан журмын даатгагчдын холбоо "Монгол даатгал" компанитай хамтран 600 ширхэг тусгай гэрэлтдэг “Аюулгүй гэрэлтүүлэгч ханцуйвч” хийлгэж, аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад олгож байгаа аж. “Аюулгүй гэрэлтүүлэгч ханцуйвч”-ийг хэрэглэж хэвшснээр сургуулийн насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж чадна гэж цагдаагийн байгууллагаас үзэж байна. 

Дашрамд хэлэхэд, 2017 онд аймгийн хэмжээнд 16 иргэн зам тээврийн осолд өртсөнөөс, тэдний дөрөв нь сургуулийн насны хүүхэд байжээ. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ