Мал, амьтны гаралтай түүхий эдийн захыг нүүлгэн шилжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-12 22:12:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Засаг дарга энэ сарын 03-ны өдөр "Түүхий эдийн төвүүдийг нүүлгэн шилжүүлэх тухай" захирамж гаргаж, Хүнс, барааны захын ойр орчим дахь мал, амьтны гаралтай түүхий эд худалдан борлуулдаг иргэн, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлж эхэллээ.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн /МШУТ/-ийн 70321111 утсанд төв захыг эмх цэгцэнд оруулж, орчны эрүүл ахуйг хангах тухай шаардлагыг иргэдээс байнга тавьдаг бөгөөд хүнсний дэргэд мал, амьтны гаралтай түүхий эдийг хамтатган худалдах нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтыг зөрчиж буй хэрэг юм. Мөн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Төв суурин газар хүнсний зах, махны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж зэрэг шаардлагатай газар мал, мах бэлтгэх, төвлөрсөн цэг тогтоож, мал, махны гарал үүсэлд хяналт тавих”-ыг заасан байдаг. Эдгээр хуулийн заалтууд, сумын Засаг даргын захирамж, ард иргэдийн хүсэлтийг биелүүлэх хүрээнд мал, амьтны гаралтай түүхий эд худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг даргын “Албан мэдэгдэл”-ийг хүргүүлээд байна.
Захирамжийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлд заасан “Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих”, 13.5.1.2-д заасан “Тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт мал, мах бэлтгэсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтуудын дагуу арга хэмжээ авах аж.
“Мал болон амьтны гаралтай түүхий эдийн төвлөрсөн зах”-ыг Арвайхээр сумын есдүгээр хороонд байгуулаад байгаа ба Арвайхээр сумын ЗДТГ-ын Мал үржлийн хяналтын улсын байцаагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, МХГ-ын Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч, ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ЦГ-ын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасгийн алба хаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ