Америкт 53 жил болсон монгол лам эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
173@montsame.mn
2017-10-10 12:44:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дилав хутагтын үнэнч шавь Намжилдорж Да ламын урилгаар 1964 онд Америкт очсон, өдгөө 85 настай Дашийн Лувсанхайдав  Монгол эх орондоо зочилж ирээд байна. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөх Ц.Хулан өчигдөр түүнийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Говийн догшин ноён хутагтын сүүлчийн дүр Ноён гэгээний итгэлт шавь байсан тэрээр лам нарыг хоморголон хөнөөж эхэлсэн 1930-аад оны сүүлчээр нутаг орноосоо дүрвэн Сөнөд, Алшаа, Хөхнуур, Түвдээр дамжин Энэтхэгт хүрчээ. Хамт дүрвэж гарсан Намжилдорж багш нь хожмоо Берклэй дахь Калифорний их сургуульд монгол хэл соёл, шашны гүн ухаан заах болсноор Лувсанхайдав гуай хойноос нь Америкт очсон байна. 1969 онд Намжилдорж гэвш хавдaр өвчнөөр хорвоог орхихдоо түүний шарыг шувтлaн, хар болгож танил халимаг айлынхаа охинтой гэрлүүлжээ.Хайдав гуай одоо гурван хүү, эхнэр Санчирмаагийн хамт Берклэй хотын ойролцоо амьдардаг. Тэрээр багш нарынхаа судар номыг дээдэлж, бурхан шvтээнийг нь зулаар таслахгүй, орсон гарсан бүхнийг хоол ундаар дайлж, цайлахын зэрэгцээ Америкийн монголчуудынхаа төлөө чадах бүхнээ хийж, тусалж дэмжсээр иржээ. 1979 онд Далай лам АНУ-д анх айлчлахдаа Лувсанхайдав гуайнд саатаж байсан билээ.
 Б.Занданхүү
Холбоотой мэдээ