Хүн амын хөгжлийн цогц бодлоготой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-10 11:55:23

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улсын хүн амын хөгжлийн цогц бодлогыг батлах тухай тогтоолын төсөл”-ийг болдовсруулан, УИХ-д өргөн барихаар тогтсон байна.

Монгол улс Хүн амын хөгжлөө арван жилээр тодорхойлсон бичиг баримтыг 2004 онд баталсан бөгөөд 2014 онд үйлчлэх хугацаа нь дуусчээ. Тиймээс 2014 онд Засгийн газар уг тогтоолын төслийг шинээр боловсруулан өргөн барьсан ч хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс олон зарчмын зөрүүтэй санал гарсан байна. Тиймээс УИХ-аас уг тогтоолын төслийг татан авч, шинээр боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгоод байсан юм хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.

Тэрбээр, Монгол улсын нийт хүн амын 0-14 насны хүүхэд 25 хувь, 15-60 насны иргэд 65 хувийг эзэлж байна. Энэ тоо нь ойрын 10 жилдээ хөдөлмөрийн насны хүн ам өндөр байхыг илтгэж байгаа хэдий ч 2025 оноос эхлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо эрс буурч, 60-аас дээш насны хүн амын тоо гурав дахин өсөх тооцоолол гарсан. Түүнчлэн Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь суурин газарт амьдарч байна. Энэ хүрээнд орон нутагт дэд бүтэц хөгжүүлэх, боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх нь төрийн бодлого байх ёстой юм.

Монгол Улсын хүн амын хөгжлийн цогц бодлогод хүн амын тогтвортой өсөлтийг хангах, шилжит хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах, гэр бүлийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх гэсэн гурван зүйлийг чухалчилсан” гэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ