Шүүлтэд булхай гарсан учир ӨАБНУ-Сенегалын тоглолтыг дахин явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-09-07 09:45:36
МОСКВА./TASS/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээний Африкийн бүсийн гуравдахь шатны тоглолт болох ӨАБНУ, Сенегалын шигшээ багуудын тоглолтыг дахин явуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ хэвлэлийн алба мэдээллээ.

Уг тоглолт 2016 оны 11 дүгээр сарын 12-нд ӨАБНУ-ын Полоквана хотод болж 2:1-ийн харьцаагаар талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн юм. Энэ оны 3 дугаар сард ФИФА тус тоглолтыг шүүсэн ерөнхий шүүгч Жозеф Лампти-г “тоглолтын дүнд нөлөөлсөн” гэх үндэслэлээр шүүгч хийх эрхийг нь бүх насаар нь хассан юм.

ФИФА-гийн шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр болдог боловч тэмцээний зохион байгуулах хороогоор батлагдах ёстой байдаг. Уг хорооны хурал 9 дүгээр сарын 14-нд болох аж. Дахин тоглолт 11 дүгээр сард болох ба харин яг хэдний өдөр вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Дөрвөн тоглолтын дараа D хэсэгт Буркина-Фасо, Кабо-Верде улсын шигшээ багууд тус бүр зургаан оноотой яваа бол Сенегал гурван тоглолтын дараа 2 оноотойгоор гуравдугаарт бичигдэж байна. Өмнөд Африкийн шигшээ 1 оноогоор сүүл мушгиж байгаа ажээ.

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Казань, Доод Новгород, Саранск, Калининград, Волгоград, Екатеринбург, Самара, Сочи, Дон дахь Ростов хотуудад явагдана.
О.Барс


 

 

 


 
 
Холбоотой мэдээ