Мария Шарапова дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтад багтсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-08-15 13:57:19
МОСКВА./TASS/. Оросын теннисчин Мария Шарапова 2005 оноос хойш анх удаагаа "Forbes" сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтанд багтаагүй ажээ. 2017 оны жагсаалт тус сэтгүүлийн албан ёсны сайтад нийтлэгджээ.

Жагсаалтыг энэ онд 27 сая доллар олсон Америкийн теннисчин Серена Уильямс тэргүүлсэн ба тэрбээр 2017 оны 4 дүгээр сард жирэмслэсэнтэй холбоотойгоор тэмцээнд оролцохоо түр зогсоогоод байсан юм. Жагсаалтын удаахь байранд Германы теннисчин Ангелик Кербер 12,6 сая долларын орлогоор оржээ.

2016 онд М.Шарапова 2005 оноос хойш анх удаа Forbes-ийн чансааны тэргүүн байраа Серена Уильямсд өгч байжээ. Оросын тамирчин тэрбээр 2005-2015 оны хооронд дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг тогтвортой тэргүүлж байсан юм. М.Шарапова сэргээшийн дүрмийг зөрчсөний улмаас 15 сарын хугацаатай тэмцээнд оролцох эрхээ хасуулсан ба энэ оны хавраас эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ.
Үүнээс өмнө Forbes сэтгүүл Оросын нэр алдартнуудын чансааг нийтэлж байсан ба уг чансаагаар М.Шараповагийн орлого нэг жилийн дотор долоо дахин, тухайлбал 21,9 сая доллароос 3 сая доллар болтлоо буурчээ. 
Хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын чансааны эхний тавд мөн Америкийн авто уралдааны эмэгтэй тамирчин Даника Патрик 12,2 сая долларын орлогоор, холимог төрлийн тулааны тамирчин Ронда Роузи 11 сая доллароор, мөн Америкийн теннисчин Винус Уильямс 10,5 сая долларын орлогоор багтжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ