Монгол Алтайн нурууг давуулан барьсан шинэ зам нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 16:07:17

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд Алтай сумаас Манхан сум чиглэлийн 214.1 км хатуу хучилттай авто замыг өнгөрөгч бямба гарагт нээлээ. 

Энэ зам  Монгол Улсыг БНХАУ, ОХУ-тай Азийн авто замын сүлжээний АН4 чиглэлээр холбогдох НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засгийн комиссоос тодорхойлсон өндөр ач холбогдол бүхий зам юм. 

Алтайн нурууг давуулан барьсан энэ замыг БНХАУ-ын “Чайна Жиангсу Жианда констракшн” компани барьж гүйцэтгэн, авто зам барилгын ажлын хяналт зөвлөх үйлчилгээг “Кореа консалтантс интернэшнл” компани үзүүлж, “ХЗТ” компани түншлэлээр, “Соёмбот зам” ХХК туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.

Замын чанарын хувьд харьцангуй сайн болсныг мэргэжилтнүүд болон нээлтийн ёслолд ирсэн нутгийн иргэд хэлж байна. Алтайн нурууг давуулж, Хавчигийн хавцал, Бодончийн хавцлаар дайруулж барьсан энэ зам байгалийн хүнд нөхцөлд баригдсан, инженерийн хийцлэл бүхий хиймэл байгууламжууд ихтэй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт болж чаджээ.

Нийтдээ 137.8 метр квадрат хэмжээтэй хоёр амрах талбай, 217.1 метр квадрат бүхий хажуугийн 5 зогсоол, зургаан уулзвар, 13 замын гарц, 374 цэгт замын ус зайлуулах хоолойтой.

45-120 метрийн урттай 14 төмөр бетон гүүр, 14 кмт голын голдрилыг залж үерээс хамгаалах далангийн хажуугийн чулуун бэхэлгээ, 89.3 км-т хажуугийн шуудууны бетон бэхэлгээ, 4.2 км-т чулууны хадны нурангаас хамгаалах ган торон хашлага, 63.8 км-т туузан төмөр хашлага, үер усны хамгаалалтын далан зэрэг инженерийн хийцлэл бүхий цогц байгууламжтай болсноороо онцлог юм.

Орон нутгийн иргэдээс замын бүтээн байгуулалтад 700 гаруй иргэн оролцуулж, ажлын байраар хангажээ.

Замын нээлтэд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Батцогт, Зам, тээврийн сайдын зөвлөх Ж.Батсуурь, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа болон замын бүтээн байгуулалтад гар бие оролцсон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, нутгийн иргэд оролцсон юм. 
Хоёр улсыг холбосон энэ зам ашиглалтад орсноор Ховд аймгийн нутгаар Азийн орнуудын хооронд олон улсын болон дотоодын худалдаа, зах зээлийг өргөжүүлж, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх олон улсын транзит ачаа, зорчигч тээврийг дамжуулан нэвтрүүлэх, хил, гаалийн үйлчилгээг жигдрүүлэх гээд олон талын ач холбогдолтой юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ