"Цагийн менежмент” туршлагыг цэцэрлэгүүд туршихаар боллоо

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 11:35:25

Дархан-Уул аймагт “Сургуулийн өмнөх боловсрол”-ын сургалтын бодлогын хүрээнд Дархан сумын 18 дугаар цэцэрлэгээс санаачилж боловсруулсан “Цагийн менежмент” сайн туршлагыг 2015-2016 оны хичээлийн жилд туршилтын журмаар тус аймгийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд турших тогтоолын төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хурлаар хэлэлцэж батлав.

Дархан-Уул аймгийн ”Түшиц”-18 дугаар цэцэрлэг нь “Цагийн менежмент”-ийг хүүхэд хүлээж авах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шинэ арга зүй нэвтрүүлж ажилласнаар эцэг эх, багш хүүхдийн талархал хүлээжээ. Тухайлбал: Цэцэрлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж хүүхэд хүлээн авалтыг өглөө 7.30- 10.00 болгосон байна. Өмнө нь өглөө бүр 8.30-40-д хаалгаа барьснаас эцэг эх, хүүхдүүд бухимдал ихтэй, яарч сандарсан байдалтай цэцэрлэгт ирдэг байсан бол одоо хүүхэд эцэг эх, яарч бухимдалгүй чөлөөтэй тайван ирэх болсон. Мөн өглөө бүхэн  хүүхэд нэг бүрт эрүүл мэндийг үзлэг хийж байж авах боломж муутай байсан бол “Цагийн менежмент”-ийг хэрэгжүүлснээр хүүхэд бүрийг цагт баригдалгүй эрүүл мэндийг нь үзэн шалгаж авах цаг гарсан зэрэг олон давуу талууд бий болсон тухай 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Дэжидмаа ярилаа. Аймгийн ИТХ-ын Тэргүшүлэгчдийн хуралдаан уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж явц байдлыг нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд мэдээлж ажиллахыг аймгийн Засаг дарга А.Энхболд, БСГ-ын дарга Б.Ганчулуун нарт  үүрэг болголоо.

        Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ