Туул голын бургасыг сүйтгэсэн компанийн лицензийг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-06-21 13:38:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Их тэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд туул голын бургасыг сүйтгэсэн “Зүүнбаян рефайнери” компанийн лицензийг цуцалсан байна.

“Туул голын бургасыг сүйтгэж, барилга барьж байна” гэсэн мэдээлэл энэ сарын 12-ноос эхлэн олон нийтийн сүлжээгээр тархсан. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-наас шалгалт хийсэн байна. Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал мэдээлэл хийв.

Тэрбээр, “2008 онд “Зүүнбаян рефайнери” компани Богдхан уулын Дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан байна. 2014 онд Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас тухайн хэсэгт хяналт шалгалт хийхэд мөн мод, бургас сүйтгэсэн зөрчил илэрсэн бөгөөд 6 сая 560 мянга 940 төгрөгийн торгууль ногдуулжээ.

Түүнчлэн 2016 онд дахин шалгалт хийхэд зөвшөөрөлгүй бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулсан байснаас гадна мөн л мод, бургас сүйтгэсэн зөрчил илэрчээ.  Тухайн үед бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг нүүлгэх албан шаардлага хүргүүлсэн ч биелүүлэлгүй өдийг хүрчээ. Өнгөрсөн сард тус компанид огтлогдсон бургас, модны экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу 12 сая 363 мянга 420 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Гэвч одоог хүртэл торгууль төлөөгүй байгаа юм. Тиймээс БОАЖ-ын сайдын тушаалаар тус компанийн лицензийг цуцалсан” хэмээв.

Ч.Ариунболд
 
Холбоотой мэдээ