Зайсангийн ам, Соёмбот уул орчимд олгосон газрын тусгай зөвшөөрлийг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-05-24 13:58:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Зайсангийн ам, Соёмбот уулын баруун хойд хэсэгт газар эзэмшиж байсан гурван иргэн, хоёр аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах тушаал гаргажээ.

1936 оны Үндэсний их баяр наадмын өмнө бүтээсэн Зайсангийн аман дахь Соёмбын тэмдэг нь Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг билэгддэг. “Соёмбот уулыг ухаж байна” гэсэн мэдээлэл ойрын өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк, твиттер хуудсаар тархаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тус ууланд иргэн Б.Төгсжаргал 0.15 га, С.Нэргүй 557 м2, С.Энхтулга 519 м2 газар эзэмшиж байжээ. Мөн “Аялжуул” компани 0.1 га, “Бам солоон” компани 0.07 га талбай эзэмшиж байсныг БОАЖ-ын сайд энэ сарын 23-нд  тушаал гаргаж  цуцалсан байна.

Олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн Соёмбот уулын ухсан хэсэг нь иргэн Б.Төгсжаргалын эзэмшлийнх байсан бөгөөд БОАЖЯ-ны удирдлагууд түүнтэй уулзаж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Одоогоор ухсан хэсгийг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байгааг Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзориг хэллээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ