М.Флиннтэй холбоотой хэргийг хаахыг Ж.Комигоос хүсчээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-05-18 09:07:11
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн болон Оросын албаны хүмүүс холбоотой байсан гэх хэргийг мөрдөн шалгахаа зогсоохыг Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ захирал Жеймс Комигоос Ерөнхийлөгч Дональд Трамп хүссэн гэж АНУ дахь эх сурвалжууд мэдээллээ.

Саяхан ХМТ-ны захирлын албан тушаалаас огцорсон Ж.Комигийн бичсэн тэмдэгдэлд дурдсанаар, энэ оны хоёрдугаар сард Цагаан ордонд болсон хуралдааны дараа Д.Трамп түүнд “энэ хэргийг ингээд орхино гэдэгт би найдаж байна” гэж хэлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болохоос өмнө М.Флинн ОХУ-ын Элчин сайдтай утсаар ярьсан нь дипломат маргааны асуудлаар гадаад улс орнуудын төлөөлөгчидтэй АНУ-ын иргэн холбогдож, яриа хэлэлцээ хийхийг хориглох тухай хуулийг зөрчсөн ажээ. Майкл Флиннийг үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаас огцруулсны маргааш болсон хуралдааны дараа Ж.Коми тэмдэглэлийг бичсэн аж.

Харин Цагаан ордон дээрх мэдээллийг няцаалаа.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп ямар нэгэн хэргийг мөрдөн шалгахыг зогсоохыг Ж.Коми эсвэл өөр хэн нэгнээс хүсээгүй” гэжээ.

Ж.Комиг ХМТ-ны захирлын суудлаас гэнэт огцруулсан нь америкчуудын гайхшралыг төрүүлсэн юм.

АНУ-ын өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон, Д.Трампын хүмүүс Москватай холбоотой гэх мэдээлэлттэй холбогдуулан ХМТ-ны хийж байсан мөрдөн шалгах ажилд зориуд саад учруулахын тулд Ж.Комиг огцруулсан гэж  шүүмжлэгчид үзэж байна.
Г.Доржханд



Холбоотой мэдээ