Олег Дерипаска Associated Press-ийг шүүхэд өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-05-16 14:45:16
ЛОНДОН./BBC/. Оросын тэрбумтан Олег Дерипаска өөрийг нь гүтгэсэн гэх үндэслэлээр Америкийн мэдээллийн "Associated Press" агентлагийг Вашингтоны шүүхэд өгчээ. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь О.Дерипаска АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Дональд Трампын сонгуулийн штабыг тэргүүлж байсан Пол Манафорт-той холбоотой байсан тухай өгүүлсэн тус агентлагийн нийтлэл аж. 

О.Дерипаска нэхэмжлэлдээ "тус агентлаг нийтлэлдээ баталгаагүй мэдээллийг оруулсан нь намайг гэмт хэрэгт холбогдуулж, миний ажил төрөлд хохирол учруулсан" гэжээ.

Үүний хариуд Associated Press-ийн өмгөөлөгч Карен Кайзер хэлэхдээ "манай агентлагийг ингэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, тиймээс шүүх хурлын үеэр өөрийн байр суурийг хамгаална" гэж мэдэгджээ.

Дээрх нийтлэлд дурдсанаар, П.Манафорт нь Дональд Трамптай хамтран ажиллахаасаа өмнө Оросын Ерөнхийлөгч В.Путины эрх ашгийг хилийн чанадад хамгаалах ажиллагааг нууцаар эрхэлж байсан гэнэ. Ийм ажил хийснийхээ төлөө О.Манафорт нь О.Дерипаскагаас мөнгө авч байсан ба тэрбээр Дерипаскатай 2006 онд гэрээ байгуулж, уг гэрээ нь 2009 он хүртэл хүчинтэй байсан аж. П.Манафорт жил бүр ажлын хөлс болгож 10 сая доллар авдаг байсныг АП агентлаг илчилсэн байна.

П.Манафортын оросуудаас мөнгө авдаг байсныг мэдэх цөөнгүй хүмүүсээс авсан ярилцлагууд, сэтгүүлчдийн олж авсан баримтууд, мөн хэдэн сая долларын шилжүүлэг хийгдсэн талаарх мэдээлэл дээр үндэслэн дээрх нийтлэлийг бичжээ.

Нийтлэл гарсны дараа Пол Манафорт Олег Дерипаскатай хамтран ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсний зэрэгцээ энэ нь улс төртэй огтхон ч холбоогүй гэдгийг онцлон хэлсэн байна. О.Дериспаскагийн төлөөлөгчид мэдэгдэхдээ "зөвхөн бизнесийн хүрээнд хамтран ажиллаж байсан" гэжээ.
О.Барс 

 

 

 

Холбоотой мэдээ