Луганскийн орчимд Их Британийн иргэн минанд өртөн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-24 10:22:13

ЛОНДОН./BBC/. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Мониторингийн тусгай багийн эргүүлийн машин Луганск мужид явж байгаад минийн дэлбэрэлтэнд өртсөний улмаас тус багийн нэг гишүүн амиа алдаж, хоёр хүн шархаджээ. Энэ тухай Австрийн Дотоод хэргийн сайд, ЕАБХАБ-ын дарга Себастьян Курц мэдээллээ.

ЕАБХАБ-ын даргын мэдэгдэлд, тусгай багийн амиа алдсан гишүүн нь Америкийн иргэн байсан гэж дурдсан боловч дараахан нь "ЕАБХАБ-ын амиа алдсан ажилтан нь Их Британийн иргэн Жозеф Стоун байсан" гэж Украины эрх баригчид залруулжээ.

“Мин дэлбэрсний улмаас ЕАБХАБ-ын ажилтан, Их Британийн иргэн Жозеф Стоун амиа алдсан. Мөн дэлбэрэлтийн улмаас Германы иргэн Ива Гнелин шоконд орсон. Одоо бидэнд байгаа мэдээллээр, Ива Гнелинийг Луганск хотын эмнэлэгт хүргэжээ. Харин Жозефын амь насыг аварч боломж байсангүй” гэж Украины Гадаад хэргийн сайдын зөвлөх, Дээд Радын депутат Антон Геращенко хэлсэн байна.

АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч хэлэхдээ "Украинд ЕАБХАБ-ын Мониторингийн багийнхны автомашин минанд өртөн дэлбэрэх үед АНУ-ын иргэн амиа алдсан тухай мэдээлэл байхгүй" гэжээ. 

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болсон хэрэг явдлыг сайтар мөрдөн шалгахыг уриаллаа.
О.Барс 

 

 

 

Холбоотой мэдээ