Б.Обама Реформацийн 500 жилийн ойд оролцохоор Берлинд ирнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-11 09:27:07

МОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама католик шашныг шинэчлэх "Реформаци" хөдөлгөөний 500 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцохын тулд 5 дугаар сарын сүүлчээр Германы нийслэлд хүрэлцэн ирэхээр шийджээ. Энэ тухай “Suddeutsche Zeitung” сонинд шашны эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Б.Обама 5 дугаар сарын 24-28-нд Берлинд айлчлахаар төлөвлөжээ. Тэрбээр протестант шашинтан хүн бөгөөд уг ёслолд оролцох төдийгүй үг хэлэх аж. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Германы нийслэлд хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард ирж байжээ.

Б.Обама христийн шашинтан боловч африк гаралтай хүн учраас түүний шүтлэгийн талаар эргэлзээ төрүүлэхээр яриа хөөрөө байнга гардаг. Б.Обамагийн эцэг нь Кени улсад лалын шашинтны гэрт төрсөн боловч хожим нь христийн шашинд орсон бөгөөд харин нас ахисан хойноо шашнаас хөндийрчээ. Харин Кенид амьдардаг Цагаан ордны эзэн асны эмээ нь лалын шашин шүтдэг хэвээр аж.

Энэ онд Герман болон Европын бусад орнуудад католик шашныг шинэчлэх "Реформаци" буюу 16-17 дугаар зуунд Баруун болон Төв Европтт өрнөсөн шашин, улс төр, олон нийтийн хөдөлгөөний 500 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ болох юм. Шашны номлогч, Библийг герман хэл рүү орчуулсан Мартин Лютер бол "Реформаци" хөдөлгөөнийг санаачлагч ажээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ