Т.Цогтод 20, Г.Маралмаад 23 жилийн ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-05 11:20:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр Т.Цогт, Г.Маралмаа нарт ял оноов.

Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нар нь биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жил, Г.Маралмаад 23 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус бүр хоёр жилийн хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн.
Шүүгдэгч Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Шүүгдэгч Г.Маралмаад оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нараас тус бүр 2.324.420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүх шийдвэрлэжээ.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ