Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөрт нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-03-03 10:51:51

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачилсан “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр” /Global Consensus on Sustainable Livestock/-т Монгол Улс нэгдэх баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2017 оны 2 дугаар сарын 24-нд НҮБ-ын ХХААБ-ын төв байранд боллоо.

“Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-т нэгдэх баримт бичигт ХХААХҮЯ-ны чиглэлийн дагуу Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд бөгөөд НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж гарын үсэг зурснаар Монгол Улс нь тус хөтөлбөрт Засгийн газрын түвшинд нэгдэн орсон 17 дахь орон, Хөтөлбөрийн 83 дахь гишүүн болов.

Монголын Засгийн газар “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-т нэгдэх ёслолын арга хэмжээний үеэр НҮБ-ын ХХААБ-ын “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-ийн Дарга Фриц Шнайдер, Элчин сайд Ц.Жамбалдорж болон Хөтөлбөрийг санаачлагч анхны орны нэг Швейцар Улсын Байнгын төлөөлөгч нар тус тус дэлгэрэнгүй үг хэлэв.

“Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр” нь малчдын амьжиргаа, эдийн засаг, нийгмийн салбар, хүний эрүүл ахуй, малын эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, газрын зохистой ашиглалт болон байгалын төрөл зүйлийн хамгаалал зэрэг асуудлыг тогтвортой мал аж ахуйн хөгжлийн төлөвтэй зөв зохистой уялдуулахад чиглэсэн шинэлэг санаачилга юм. Энэхүү санаачилга нь тогтвортой мал аж ахуйн хөгжлийг дараах гурван чиглэлээр шийдвэрлэх зорилготой аж. Үүнд:

– Хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийн асуудал
– Хүртээмжтэй эдийн засгийн өсөлт
– Мал аж ахуйн нөөц болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг юм.

Энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр Монгол Улс нь 60 гаруй сая толгой мал бүхий мал аж ахуйн салбараа тогтвортой хөгжүүлж, малаа бүрэн эрүүлжүүлж, мал аж ахуйн гаралтай аюулгүй хүнс бэлтгэх, түүхий эдийг нь байгаль орчинд хор нөлөөгүй боловсруулж дэлхийн зах зээлд гаргахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эл хөтөлбөрийн гишүүдтэй ойр хамтран ажиллах сайхан боломж нээгдэх юм. Дашрамд тэмдэглэхэд Монгол Улсын Засгийн газраас Монголын тогтвортой мал аж ахуйн үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд энэ нь дээрх хөтөлбөртэй уялдсанаар илүү өргөн цар хүрээтэй болж, НҮБ-аас гаргасан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй болох юм.

 

Холбоотой мэдээ