Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их сургуультай хамтран ажиллахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-13 19:38:33

Хэнтий аймаг дахь "Эрдэм баян Хэрлэн" 4-р сургуулийн багш нарын төлөөлөл Улаанбаатар хотноо туршлага судлаад ирлээ. Энэ үеэр тус сургуулийн захирал Б.Жавхланбаяр Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их сургуулийн гүйцэтгэх захирал Н.Дорждэрэм нар хамтран ажиллах ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. 

Ингэснээр сургуулиуд харилцан мэдээлэл солилцох, багш нараа чадавхжуулах, физик болон математикийн хичээлээр дадлага, олимпиадын бэлтгэл хийх, зарим төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их сургуулийн зүгээс "Эрдэм баян Хэрлэн" 4-р сургуулийн хүүхдүүдийг хөнгөлөлттэй нөхцлөөр сургах, цаашлаад Герман улсын их дээд сургуулиудтай холбож өгөх зэрэг саналыг тавьж, талууд харилцан тохиролцоонд хүрчээ.

Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их сургууль нь хоёр улсын хэлэлцээрээр байгуулагдаад 4 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд оюутны тооноос илүү чанарыг эрхэм болгодог, бүх хичээл нь Англи хэл дээр явагддаг онцлогтой аж.

Туршлага судлах үеэрээ "Эрдэм баян Хэрлэн" 4-р сургуулийн захирал, 16 багшийн хамтаар Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Эрдэм шинжилгээний албаныхантай уулзалт зохион байгуулж, албаны дарга Я.Шийлэгмаад багш нараа чадавхжуулах хүсэлт тавьснаар, хөнгөлөлттэй нөхцлөөр багш нараа магистрт сургахаар болсон байна.  

Өнгөрөгч 2016 онд 15 жилийнхээ ойг тэмдэглэсэн "Эрдэм баян Хэрлэн" 4-р сургууль нь  өнөөдөр 90 багш ажилтантай, 39 анги бүлэгтэй, 1100-аад суралцагчтай, МУБИС-ийн Зүүн бүсийн лицей сургууль болохоор төлөвлөн бэлтгэж ажлаа хангаж байгаа юм.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ